МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараагаа экспортолбол банкны зээлийн хүүгийн 5 хүртэлх хувийг эргэн авах боломжтой болно
2018.10.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараагаа экспортолбол банкны зээлийн хүүгийн 5 хүртэлх хувийг эргэн авах боломжтой болно

Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүнээс 2018 оны 05 сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарыг дэмжиж, жилд 1 удаа тайланг өгдөг болох, 1 хувийн татвар өгдөг болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

-ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ НЬ БИД Л ХИЙХ ЁСТОЙ-

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Нийт Монгол Улсын хэмжээнд ЖДҮ-ийг хэрхэн хөгжүүлэх вэ? Ямар хуваарилалт хийх вэ? Томоор нь харах хэрэгтэй байна.  Хуваарилалтыг дээрээс нь зөв хийж өгөхгүй бол зөвхөн аймгийн хэмжээндээ цөөхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд явна.

Баялаг бүтээгчдээс ямар санал орж ирж байна? ЖДҮ-ийн сан эзэндээ очдог уу? Аймаг, орон нутаг, захын хязгааруудад очих хэрэгтэй байна. Баялаг бүтээгчиддээ очих хуваарилалтыг хийх хэрэгтэй. Төрийн зохицуулалтыг бид л хийх ёстой. Зах зээл гээд хаячихаар хөл дээрээ босох гэж байгаа бизнес эрхлэгчид дампуурах нь их байна.

Ажлын хэсэг: УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 1-р зүйл дээр ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдэгт ЖДҮ-ийн газар гэж оруулсан.

Төрийн зохицуулалт шаардлагатай байгаа нь үнэн. Үүнийг зохицуулахдаа хуулийн 11.9.1 дээр Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгоно. 11.9.2-т зээлийн хүүгийн татаасын зориулалтаар олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл 80-аас доошгүй хувийг нь заавал үйлдвэржилтдээ зарцуулна гэсэн зохицуулалт оруулсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өнөөдрийг хүртэл олгосон нийт зээлийн 87 орчим хувийг үйлдвэрлэлилйг дэмжих зориулалтаар, 13 хувийг худалдаа үйлчилгээний зориулалтаар олгосон.

-ДУНД ААН-ҮҮД ЭРХЛЭГЧИД БАРААГАА ЭКСПОРТОД ГАРГАХ ЮМ БОЛ БАНКНААС АВСАН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН 5 ХҮРТЭЛХ ХУВИЙГ САНГААС ОЛГОНО-

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдага: Дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдгийг яг юу гэж томъёолж байна?

Ажлын хэсэг: Хуулийн 5.1.3-т дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, 500 саяас 2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалттай аж ахуйн нэгжийг хэлнэ. Өмнөх хуулинд жижиг, дунд гэж хоёр ангилсан боловч яг алинд нь ямар бодлого барихыг ангилж өгөөгүй байсан. Бид бичил, жижиг, дунд гэж ангилаад тус тусад нь бодлого хэрэгжүүлнэ. Үүний нэг илэрхийлэл нь 11.8 буюу дунд аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн хүүгийн 5 хүртэлх хувийг сангаас олгоно. Дунд аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийг банкаар дамжуулж олгож байгаа. Сангаас олгохдоо өнөөдрийн байдлаар 3 хувийг олгодог боловч банкаар дамжихаар 8-9 хувь болгоно. Хэрвээ экспортод гаргах юм бол хөнгөлөлт эдэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ