2018.10.18
Эдийн засаг, Худалдаа
Ж.Ганбаатар: Төсвийн алдагдлаа ирээдүйд яаж нөхөх вэ?
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
“2 их наядын алдагдлыг ирээдүйд хэрхэн бүрдүүлэх гэж байгаа вэ? Улаанбаатар хотод сургууль цэцэрлэгээс өөр томоохон хөрөнгө оруулалт байхгүй төсөв болжээ. Энэ ямар учиртай вэ? Төсвийн орлого бүрдүүлж байгаа татвар төлөгчдийг хэрхэн дэмжих гэж байгаа юм бэ? Хүмүүс ажил хийе гэж байна. Төр дэмжих үүрэгтэй. Өөр хэн дэмжих вэ?”
Ж.Ганбаатар гишүүний асуултанд Сангийн сайд дараах байдлаар хариуллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
“2019 оны төсвийг 1,9 их наяд тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслүүд үүнд орж байгаа. Энэ нь 1,3 их наяд төгрөг болж байгаа. Энэ нь урт хугацааны зээлээр буюу өөрийн эх үүсвэртэй төсөл. 1,9 их наядаас 1,3 их наядыг хасахаар 600 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа юм. ЖДҮ-ийг дэмжиж байна. Төр хувийн хэвшлийн сайн хийх зүйлд оролцохгүй бай гэсэн зарчим барьдаг. ЖДҮ-ийн 335 тэрбум төгрөгтэй эргэлтийн сан бий болсон. Гэтэл алдаа их гарсан. Аудит хийгдсэн. Гүйцэтгэх засаглал алдаатай байсан нь үнэн. Тиймээс үүнийг зөв болгох ёстой.”