МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Польш улсад байгаа Монгол иргэд тэтгэвэр, тэтгэмж авдаг боллоо
2018.10.29
Гадаад харилцаа

Польш улсад байгаа Монгол иргэд тэтгэвэр, тэтгэмж авдаг боллоо

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

БНПУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны 05 дугаар сард Варшав хотноо, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотноо тус тус хийж, төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ.

БНПУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.

Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх, эсвэл бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал шийдвэрлэгдэнэ. 

Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж, амьдарч байгаа 940 монгол иргэн эрүүл мэндийн даатгалаас гадна нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг ч тус улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломжгүй байдаг. Энэхүү нийгмийн хамгааллын чиглэлийн хэлэлцээр байгуулсны үр дүнд монгол иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Монгол болон Польш улсад ажилласан хугацаа, нийгмийн даатгалын шимтгэлээ нэгтгэн тооцуулах боломж бүрдэнэ.

Хуулийн төсөлд нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсад:

  • -       Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах,
  • -       Хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох,
  • -       Тэтгэврийг харилцан шилжүүлэх,
  • -       Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны,
  • -       Жирэмсэн,
  • -       Амаржсаны,
  • -       Ажилгүйдлийн
  • -       Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж

зэргийг олгох юм.

ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр

Одоогоор Польшт байгаа манай иргэд оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж, зөвхөн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг

Манай улсын иргэдийн БНПУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон БНПУ-аас өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна. Мөн БНПУ-д ажилладаг манай иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, тус улсад байх хугацаандаа тухайн орны иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндэс бүрдэж байна.”

ХНХ-ын сайд С.Чинзориг

Энэхүү хэлэлцээрээр хоёр улс иргэний шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг хариуцан олгох учир нийгмийн даатгалын сангийн төсөвт аливаа нэмэлт санхүүжилт шаардагдахгүй юм байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын /2016 оны 11-р сарын/ судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсад байгаа нийт 940 монгол иргэнээс  дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч, ажиллаж байгаа бөгөөд үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байна.

УИХ-ын гишүүн С.Батболд

Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс, орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлийн хэлэлцээр байгуулах нь тэнд амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зөв асуудал юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэнд Польш Улсаас гадна Унгар, Чех Улсууд төдийгүй Скандинавын хойгийн орнуудад олноор ажиллаж, амьдрах болсон. Иймд Монгол иргэд олноор амьдарч, ажиллаж байгаа орнуудтай цаашид нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах нэн шаардлагатай байна”

Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж ирсэн. 

Одоогоор ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны үр дүнд ОХУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, БНУУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авдаг. Харин БНСУ-д манай иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүйгээр ажиллаж байгаа аж.

Цаашид монгол иргэд олноор ажиллаж амьдарч байгаа Турк, Скандинавын хойгийн орнууд, АНУ –тай нийгмийн хамгааллын чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ