МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Томуугийн цар тахлын бэлэн байдлын талаар дасгал сургуулилт эхэллээ
2018.10.30
Эрүүл мэнд

Томуугийн цар тахлын бэлэн байдлын талаар дасгал сургуулилт эхэллээ

Томуугийн цар тахал нь урьдчилан таамаглах боломжгүй, дэлхий дахинд эрүүл мэндийн болон эдийн засгийн ноцтой үр дагавар үүсгэдэг.

2009 онд томуугийн А хүрээний (Н1 N1) вирүсийн шалтгаант 21 дүгээр зууны анхны цар тахал гарч, дунджаар 1,8 сая хүн халдварт өртөж, 400 мянга гаруй хүн нас барсан. Энэ цар тахлын дараа “Олон улсын эрүүл мэндийн дүрэм 2005” хэрэгжилтийг үнэлэх хороо нь дэлхий нийт томуугийн цар тахал, түүнтэй зэрэгцэхүйц нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хангалттай бэлтгэгдээгүй байна гэж дүгнэсэн юм.

Томуугийн цар тахлыг хохирол багатай даван туулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ, нөхөн сэргээх үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Томуугийн цар тахлын дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, эрсдэлийн зэргийг үнэлэх хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадахижуулах зорилгоор томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид өнөөдөр эхэллээ.

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулж байгаа энэ ширээний дасгал сургуулилтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцож үг хэллээ.

Дасгал сургуулилтад ЭМЯ-ны Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Шуурхай удирдлагын нэгжийн эмч мэргэжилтнүүд, ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын болон Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн албан хаагчид, Зооноз судлалын Үндэсний төвийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Дорнод, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

Дасгал сургуулилтад оролцогчдод ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Томуугийн цар тахлын үе шат бүрээр өвчлөлийн тохиолдлын талаар мэдээлэл өгөхөд, мэдээллийн дагуу манай Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд багаар ажиллан цагийн байдлыг үнэлэн хариу арга хэмжээг хэрхэн авах талаар ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ