МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгав
2018.11.05
Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгав

Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллалаа.

Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллаас үзэхэд нийт 2239 орон дээр 2376 хүн хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтний 140 буюу 37.1 хувь нь томуу, томуу төст өвчтэй иргэд эзэлж байгаа. Харин хүүхдийн орны ачаалал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 47.5 хувь байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 43.6 хувь байгаа бол Баянгол дүүргийнх 33.5 хувиар тус тус нэмэгджээ.

Чингэлтэй дүүргийн эмнэлгийн тухайд, эм хангамжийн нөөц хангалттай байгаа аж. Тиймээс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, урьдчилсан байдлаар төлөвлөгөө гарган эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг сайжруулах, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар эмнэлгийн дарга Ц.Лхагва хэллээ. Мөн өнгөрөгч өвөл тус өвчний дэгдэлт их байсан учир амбулаторийн үзлэгийг оройн 22.00 цаг хүртэл иргэдэд хүргээд зогсохгүй бямба гарагт ажиллаж байснаа дуулгасан. Харин энэ жил өвчлөл их байвал энэ жишгээр ажиллахаар төлөвлөж буй гэнэ. 

Үргэлжлүүлэн Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэгт ажиллаж, нөхцөл байдлын талаар албаны хүмүүстэй ярилцсан юм. Тус дүүргийн тухайд, одоогийн байдлаар хүүхдийн 200 ортой ажиллаж байна. Харин өвчлөлийн ид дэгдэлтийн үеэр 300 болж нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэдгийг эмнэлгийн дарга энэ үеэр хэлж байсан юм. 

Энэхүү эмнэлгийн тухайд, нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй дүүрэгт орж байгаа. Тус өвчнөөр өвчилсөн хүүхдүүд гүйлгэх болон бөөлжих шинж тэмдэг давхар хавсарч байгаа учраас эдгэрэлтийн хугацаа уртасч байгааг эмнэлгийн ажилтнууд онцлон хэлж байсан юм. Харин тус дүүргийн эмнэлгүүд агааржуулалтын асуудлаа бүрэн шийдвэрлэсэн нь бусад дүүргийн эмнэлгүүдээс онцлог харагдаж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ