2018.11.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар Ж.Ганбаатар сонгогдлоо
Өнгөрсөн 9 дүгээр сард Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурал 369 төлөөлөгчтэйгээр хуралдаж намын даргаараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг сонгосон. Үүний дараа Намын шинэ даргаараа ахлуулсан Анхдугаар хурал 70 гаруй хувийн ирцтэй болж, намын дэд дарга болон тэргүүлэгчдийг томилжээ.
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар дүүргийн намын хороодыг хурлаа хийж ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.
Үүний дагуу БГД-ын МАН-ын хорооны 7 дугаар бага хурал боллоо. 205 төлөөлөгч чуулсан уг хурлаар 6 хурлаас хойш 4 жилийн хугацаанд хийсэн хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж ярилцсан байна.
Түүнчлэн Хяналтын хорооны дүгнэлтийг танилцуулж, намын хорооны зохион байгуулалтын асуудлаа хэлэлцжээ.
Ийнхүү Намын хороо болон хяналтын хороогоо байгуулсан БГД-ын МАН-ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар бага хурлаа хуралдуулж төлөөлөгчдийн олонхын саналаар Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргаар Ж.Ганбаатар, Дэд даргаар Б.Сэмжидмаа нар сонгогдсон байна.
15 цагийн турш үргэлжилсэн хурал ил тод, нээлттэй байснаас гадна төлөөлөгч бүр үгээ хэлэх эрхээр хангаж байсан нь олзуурхууштай байлаа.
Хурлын үеэр 40 гаруй төлөөлөгчид тус бүр нь 6 минутын эрхтэйгээр санал бодлоо илэрхийлсэн байна.