М.Энхболдын эсрэг 40 гишүүн санал нэгджээ
2018.12.13
Улстөр

М.Энхболдын эсрэг 40 гишүүн санал нэгджээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.

Эргэн сануулбал өнгөрсөн сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаарлага тавьж байсан. Харин УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс хууль эрх зүйн боломжгүй шаардлага хэмээн хариулснаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй байсаар 3 долоо хоног өнгөрч байна.

Харин өнөөдөр эдгээр гишүүд “УИХ-ын дарга М.Энхболд та УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзэж байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2.2-т заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана уу. Уг хүсэлтээ гаргатал УИХ-ын гишүүд бид УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгийг уламжилж байна. Үүнээс үүдэж болох аливаа эрсдэл сөрөг үр дагаварыг та хариуцах болно гэдгийг мэдэгдье” гэсэн агуулгатай УИХ-ын 38 гишүүний гарын үсэг бүхий албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулж байгаагаа мэдэгдэв. Мөн шаардлагыг хүлээн авахгүй бол ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудтай нийлж тэмцэл, жагсаалын шатанд орно гэдгийг онцоллоо.

Т.АЮУРСАЙХАН: УИХ-ЫН ДАРГА ХУУЛИЙН ЗААЛТЫН АРД НУУГДАЖ, ЧӨЛӨӨЛӨГДӨХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаагүй, Байнгын хороодын хуралдаан саатаж байна. Хуулиар зохицуулагдсан хугацаатай асуудлууд хэлэлцэгдэхгүй байна. Хуульд заасны дагуу энэ бүхнийг хариуцах албан тушаалтан нь УИХ-ын дарга М.Энхболд. УИХ-ын дарга УИХ-ын чуулганы үйл ажиллагааг тасралтгүй явуулах, зохион байгуулах үүрэгтэй. Нийт 40 гишүүн буюу олонх нь энэ хүнээр удирдуулахгүй гэсэн. Энэ хүмүүс цаанаа байгаа сонгогчдынхоо дуу хоолойг илэрхийлж парламентад ардчиллын үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Засгийн газрын гишүүд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог, Ерөнхий сайд чөлөөлөгдөж болдог, Ерөнхийлөгч хүртэл чөлөөлөгдөж, огцордог хуультай. Гэтэл УИХ-ын дарга хуулийн заалтын ард нуугдаж, хуулиар чөлөөлөгдөх боломжгүй гэж хэлж байна.

Монгол Улсад шударга ёс юунаас илүү чухал. Хариуцлага алдсан Засгийн газрын гишүүд, байгууллагуудын удирдлагууд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гараж байна. Бүгд ёс зүйн хариуцлагаа хүлээсэн. Яг энэ хүсэлтийг гарга гэж УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж байна.

М.Энхболдтой уулзахад 11 сарын 22-нд “та бүхэн огцруулах шаардлагыг тавихдаа нэгдүгээрт, амаараа тавьсан, хоёрдугаарт, та бүхний цуглуулсан гарын үсэг дотор 33 хүн байна, гуравдугаарт, өгсөн бичигт нь албан тушаалаасаа чөлөөлөгд гэдэг үг байхгүй байна. Албан ёсоор бичгээ бичээд, гарын үсгээ цуглуулаад өгвөл энэ асуудлыг авч үзье” гэдгээ олон нийтийн өмнө хэлсэн. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гишүүдийн олонх нь гарын үсгээ зураад, шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. Яг одоогоор 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гишүүн байна. Гадаад, дотоод болон хүндэтгэн үзэх шалтгаанаар хараахан зурж амжаагүй. Гэхдээ олонх гишүүд гарын үсэг зурсан. УИХ-ын дарга М.Энхболд энэ албан тоотыг хүлээн авч, нэн яаралтай чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг шаардаж байна.

Л.БОЛД: ҮГИЙН ТОГЛООМ ХИЙЖ БИДНИЙГ ДОРОМЖИЛСОН

Монголын төр гацаанд ороод удаж байна. 40 гаруй гишүүүдээ төлөөлж, УИХ-ын даргад маш ойлгомжтой шаардлага тавьсан. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, нэг талыг баримталж, монголын төрийг үймүүлж байгаа дарга УИХ-ыг удирдах ёс суртахууны эрх байхгүй. Урдаас үгийн тоглоом хийж “энэ дотор огцруулах гэсэн үг алга байна, та бүхэн УИХ-ын олонхийг төлөөлөхгүй” гэсэн үгээр биднийг доромжилсон. Тийм учраас УИХ-ын гишүүний олонх нь гарын үсэг зурсан, маш ойлгомжтой албан тоот хүлээлгэн өгч байна. Өнгөрсөн хугацаанд хүний карт сугалуулж, хууль бусаар хуралдаан хийснийг та бүхэн мэдэж байгаа. Энд гарын үсэг зурснаар УИХ-ын чуулган, аливаа бусад үйл ажиллагаа явах бололцоогүй, хуралдаан эхэлбэл ил хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг та бүхэнд мэдэгдэж байна.

Ж.БАТЗАНДАН: МАНАН-ГИЙН ЭСРЭГ МОНГОЛ ТҮМЭН НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ТЭМЦЭЖ БАЙНА

МАНАН-гийн эсрэг тэмцэл үргэлжилж байна. Улс төр дахь МАНАН арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. Улс төр дэх МАНАН арилаагүй цагт монголд шударга ёс тогтохгүй. Улс төр дэх МАНАН арилаагүй цагт монголчуудын амьдрал сайжрахгүй гэдгийг ойлгосон. Иймээс манжийн эсрэг монголчууд нутаг ус харгалзахгүй тэмцэж байсан шиг өнөөдөр улс төрийн МАНАН-гийн эсрэг монгол түмэн нам харгалзахгүй  тэмцлийг зохион байгуулж байна. Биднийг дэмжиж байгаа нийт иргэд, олшон түмэндээ талархаж байна.

М.Энхболд гэж хүн Ц.Элбэгдоржтой хамтарч МАНАН-г бий болгосон.

Монголын улс төрийг мафын системээр удирдаж, шударга ёсны хонгилыг бий болгож, олон мянган бизнес эрхлэгчдийг дээрэмдэн тонож, олон зуун хууль бус үйлдэл зохион байгуулсан.

Улс төр дэх МАНАН-г нураана.

Үүний тулд 38 гишүүн гарын үсэг зурлаа. МАНАН-гийн толгойлогч өөрөө огцрохгүй бол яах вэ гэж олон түмэн харж байна. Энэ хүн маргаашийн дотор огцрохгүй бол нийт монголчуудтайгаа, иргэний нийгмийн байгууллагуудтай, парламентын облон парламентын бус улс төрийн хүчнүүдтэй хамтарч уагсаал, цуглаан, бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг чирч гаргана. МАНАН арилсан цагт утаа арилна. МАНАН арилсан цагт монголд шударга ёс эргэн ирнэ гэдэгт итгэж байна. МАНАН-гийн эсрэг тэмцэл эрчимжэж байна.

Х.НЯМБААТАР: УИХ-ЫН ТОМИЛГООТ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЗӨВХӨН УИХ-ЫН ДАРГЫН ҮЗЭМЖЭЭР ТОМИЛДОГ БОЛСОН

УИХ-ын гишүүдийн 50 гаруй хувь нь УИХ-ын даргаар хурлыг удирдуулахгүй гэдэг үзэл бодлоо маш хатуу итгэл үнэмшилтэйгээр илэрхийлж байна. Бид Үндсэн хуулийн эрх зүй талаасаа хоёр зүйлийг анзаарч, засч залруулахгүй бол болохгүй болсон байна.

УИХ-ын дарга гэдэг бол хуралдааныг хөтлөн явуулагч спикер гэдэг чиг үүргээсээ хазайж, өөрийн гэсэн бие даасан институц хэлбэр лүүгээ явсан байна. Аливаа байгууллагад олонх нь асуудлыг шийддэг  бол энд тийм боломжгүй болжээ. УИХ-ын томилдог албан тушаалууд зөвхөн УИХ-ын даргын томилгоогоор явдаг болсон. УИХ-ын төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрхийг зөвхөн УИХ-ын дарга өөрийн үзэмжээр ямар байгууллага, ямар албан тушаалтныг, ямар гишүүийн бүрэлдэхүүнтэй хянаж шалгаж шийдвэрлэх вэ гэдгийг шийддэг болсон. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих, тайлагнуулах эрхийг мөн УИХ-ын даргын албан тушаал шийдсэн байна.

1990-ээд оноос өмнө БНМАУ-ын Үндсэн хуулиар үйлчилж байсан Ардын Их Хурлын тэргүүлэгчдээс үүссэн Советын маягийн засаглалын үргэлжлэл УИХ-ын даргын албан тушаалаар үргэлжилж явж байна.

Гадны улс орнууд спикерээ парламентын гишүүдийн олонх нь чирж гаргадаг, огцруулдаг. Спикер нь хамгийн төвийг сахисан байна гэдэг тангараг өргөдөг. Бид үүсээд байгаа нөхцөл байдлаас үүнийг улам илүү анхаарч, үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд УИХ-ын даргын бүрэн эрх, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг парламентат ёс төлөвшсөн улс орнуудын жишиг рүү аваачих шаардлага үүсчээ гэдгийг харлаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ПАРЛАМЕНТ ДОТОР ХИЙЖ БАЙГАА ТЭМЦЭЛ ТӨГСГӨЛИЙН ШАТАНД ОРЖ БАЙНА

Та бүхэн “Алтан Дорнод” компаний захирал Ганболдын ярилцлагыг үзсэн байх. Улсын Ерөнхий прокурор эрүүдэн шүүж дарамтлах замаар 4 сая долларын хахууль авсан баримттай хэрэг гарсан. МАНАН-гийн бүлэглэл бодитой гэдгийг “шүгэл үлээж” байгаа анхны тохиолдол болж байна.

Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж байгаа үйл явдал биш. Энэ бол төрийн дээр байгаа төрийг барьцаалсан албан бус эрх мэдэл буюу мафын сүлжээнд орсон, төрийг алсаас удирддаг бүлэглэлтэй тэмцэж байгаагийн илэрхийлэл.

Амаргүй тэмцэл юм. Олон олон дарамтууд болж байна. Дэлхийн аль ч улсын түүхэд уруудан доройтсон улс орон яг ийм шалтгаантай байдаг.

Төрөөс дээр байгаа бизнесийн бүлэглэлтэй яаж энгийн хувийн хэвшлийнхэн өрсөлдөх юм бэ? Яаж бизнесийн чөлөөт өрсөлдөөн бий болох юм бэ? Яаж төр засаг бодлогоо тогтвортойгоор авч явах юм бэ? Яаж ардчилсан ил тод чөлөөт сонгууль явах вэ? Энэ байдлын эсрэг арга буюу зогсоход хүрч байна.

Парламент дотор хийж байгаа бидний тэмцэл төгсгөлийн шатанд орж байна. Үүнээс илүү зүйлийг хийхэд амаргүй.

Бид үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана.

Энэ бол төгсгөлийн шат байх болно. Олон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зунаас хойш надтай холбогдсон. Тэр үед би парламент дотроо асуудлаа шийдэх ёстой гэж хэлдэг байсан. УИХ-ын гишүүдийн 50+1 нь ажиллахгүй гэдгээ илэрхийллээ. Одоо М.Энхболдод цаашаа явах ямар ч орон зай улс төрийн хувьд үлдэхгүй. Тиймээс ажлаа өгөх ёстой. Өгөхгүй бол тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах цаг болжээ.

ШИНЭ МЭДЭЭ