Монгол Улс эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэн сахих үүргээ биелүүлэх ёстой
2019.01.25
Хүний эрх

Монгол Улс эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэн сахих үүргээ биелүүлэх ёстой

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГЫН МЭДЭГДЭЛ

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

Монгол Улс эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэн сахих үүргээ биелүүлэх ёстой

Монголын Эмнести Интернэшнлээс Монгол Улсын Засгийн газарт хандаж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэн сахих үүргээ шударгаар, бүрэн хэрэгжүүлэхийг уриалж байна.

Эрүүдэн шүүх гэж мэдүүлэг авах, үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан хаагчийн зүгээс бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлдэг.  

Монгол улс 2002 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц(ЭШЭК)-д нэгдэн орж, 2014 онд эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус харьцах явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээрх НҮБ-ын ЭШЭК-ийн Нэмэлт Протоколыг соёрхон баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэчилсэн Эрүүгийн хуулийн 21.12-р зүйлд эрүүдэн шүүхийг гэмт хэрэг хэмээн тодорхойлж өгсөн.

Монгол Улсын Засгийн газар нь эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус харьцах явдалтай тэмцэх чиглэлээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, эрүүдэн шүүхийн асуудлаарх Тусгай илтгэгчээс тодорхой зөвлөмжүүдийг хүлээн авч, арга хэмжээ авах үүргийг хүлээсэн.

Гэвч 2014 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох явдалд ухралт болсон. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэгтнүүд ял завших, эрүүдэн шүүх гэмт хэрэг гарсаар байх нөхцөл бий болж байгаад Монголын Эмнести Интернэшнл ихээхэн харамсаж байна.

Монголын Эмнести Интернэшнл нь Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг амь насаа алдсан хэргийг хараат бусаар, олон улсын шударга шүүхийн хэм хэмжээний дагуу шалган тогтоох, гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй гэдгээ баталгаажуулахыг; цаашид цэргийн ангийн алба хаагчдад эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлаар сургалт явуулах, цэргийн ангиудад гарч болзошгүй эрүүдэн шүүх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг тогтмол хийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж байна.

ШИНЭ МЭДЭЭ