Л.Оюун-Эрдэнэ: Өрөөндөө ярьсанаа энд үгүйсгэж байгаа хүмүүс улс төрийн тавцангаас арчигдана
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
“Өнөөдрийн асуудал олон өнцгөөс харагдаж байгаа байх. Удахгүй бүх зүйл хүчтэй мэргэжлийн хяналтруу орох байх. УИХ-ын гишүүн юу ярив, улс төрийн байр суурь юу байв, үлдээсэн өв хөрөнгө юу байсан, гүйцэтгэл нь ямар байв, эд хөрөнгийн болон бусад хүсэл шуналаа яаж хязгаарлаж байв гэдгийг тогтоогоод өгөх судалгааны, хэвлэл мэдээллийн, иргэний нийгмийн байгууллагатай ийм нийгмийн жишиг тогтоно. Тэр үед өрөөндөө нэг юм ярьсан хэрнээ чуулганы танхимд өөр юм яриад байдаг хүмүүс улс төрийн тавцангаас арчигдах болно. Энэ цаг ирж байгаа.
МАНАН гээд мэдэн будлиад байх юм. МАНАН гэдэг МАН болон АН хамтарсан засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш. 2 намд байршиж байгаа хэрнээ 3 хэсэгтээ хэдэн компаниас санхүүжилт авчихаад Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн орд газрууд, лицензүүд, тэдэнд байгаа шахааны бизнесийг аваад тэр мөнгөө улс төрлүү оруулж бохирдуулж тоглож байгаа хэсэг улс төрчдийн бүлэглэлийг хэлээд байгаа юм. Энэ асуудал эхнээсээ ил болж байна. Төв талбайг банкинд өгсөн асуудлаас чинь эхэлж байна. Яармагийн газрыг авчаад одпоо нийслэлийн талбайг тийшээ нүүлгэх гэж байгаа давуу эрх үүсгэдэг асуудлыг чинь ярьж байна. Өөрсдөө концесс авдаг асуудлыг чинь ярьж байна.
Энэ асуудал 2 намд байгаад арга буюу ийм нөхцөл байдал үүсээд тэгээд тэвчээр тэсэрч байгаа юм. 1990 онд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэсэн. 2 намд эрх мэдэл өгөөд энэ нийгэм байгуулагдаагүй учраас Монголын ард түмэн хилэгнэн уурлаж байгаа юм. Энэ судасны долгионыг мэдрэхгүй явж байгаад 2 дахь жагсаал дээр гишүүд овоо мэдэрч байх шиг байгаа юм. Энэ хүлээлтэд нь хариу өгөхгүй бол бүхэлдээ тогтолцоо алдах юм байна гэж үзсэн. Түүнээс биш хэн нэг хүнтэй холбоотой асуудал ярьсан хүн энд хэн ч байхгүй.
М.Энхболд гэдэг хүн алга болчихвол бүх юм сайхан болно гэж хэлээгүй. Харин мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг ингээд дарагдаад яваад байсан асуудлууд хөвөрч эхлэх эхлэл юм. Төгсгөл биш.
Маш хүчтэй иргэний нийгмийн хяналттай болсон байна. Цагаан сар, наадам болохоор мартчихна гэж ярьдаг байсан. Одоо ийм зүйл байхгүй болсон байна ах нар аа. Нүд цавчихгүй хардаг иргэний нийгмийн байгууллагатай болсон байна. Ийм хүчтэй хяналттай дүгнэлттэй нийгэмтэй болжээ. Энэ цахим ертөнцөөс болоод.
Одоо нууж хааж болохгүй. Асуудлуудаа гаргаж тавиад цаашаагаа явах ёстой. Бусад улс оронд 48 цагийн дотор шийдэх байсан зүйлийг зунжин намаржин өвөлжин явж одоо цэг тавигдах гэж байх шиг байна. Учир нь гарын үсэг зурсан гишүүд энэ итгэл үнэмшилдээ үнэнч байна гэж итгэж байна. Энэ асуудал шийдэгдээд явах байх. Үүнээс ч илүү хүчтэй шийдэх асуудал ч байвал шийднэ гэж итгэж байна.
Бид цаашдын 25 жилрүүгээ, нийгмийн шинэчлэлрүү явах болно. Ийм системтэй, ийм байдалтай цааш явахгүй. Өрөөндөө уулзахаараа тийм ш дээ гэсэн хэрнээ энд суухаараа тийм ямар юм байдгын гэж ярихаа болиоч ээ. Хамгийн их шударга ёс яриад явж байсан О.Баасанхүү гишүүн өнөөдөр хууль хяналтынхан сайн ажиллаж байна гээд яриад сууж байх юм. С.Эрдэнэ гишүүн бараг шинэ сонгогдсон гишүүн шиг юм яриад сууж байна.”