МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэд төвлөрсөн усан хангамжид холбох ажлыг шийдүүлж өгөхийг хүслээ
2019.03.15
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэд төвлөрсөн усан хангамжид холбох ажлыг шийдүүлж өгөхийг хүслээ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж, хууль тогтоомж сурталчлах, иргэдийн санал бодлыг сонсох ажлыг хийж байна.

Түүний сонгогдсон тойрог 12 сумтай учраас нэг удаа явахдаа бүх сумаараа тойрон очиход бэрх аж. Говийн болон хангайн найман суманд өнгөрсөн өдрүүдэд ажилласан бол энэ удаа зүүн дөрвөн суманд ажиллахаар өчигдөр Улаанбаатар хотоос хөдөлжээ.

Зүүн талын сумдад цаг хүндрэх төлөвтэй, үлийн цагаан ихтэйгээс бэлчээр доройтсон нь малчдыг отор нүүдэл хийхээс аргагүйд хүргээд буй юм. Баян-Өндөр сумаас нэлээд олон айл Төв аймгийн Дэлгэрхаанд отроор нутаглаж байгаа.

Өнгөрсөн жилүүдэд отроор очсон малчдыг хөөж туух, хэл үгээ ололцохгүй байх явдал олон гарч иргэдээс гомдол санал олон ирж байжээ. Үүний дагуу Дундговь аймгийн болон Дэлгэрхаан сумын удирдлагатай уулзаж "хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ" гэдгээр хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж, харилцан туслалцаж байхаар тохирсон юм. Тэр ч бүү хэл Дэлгэрхааныхантай яг л өөрийн тойргийн сум шиг л харилцдаг болсон. Энэ бүхний үр дүнд элдэв хэл ам цөөрсөн байна.

Иргэдтэй хийх уулзалтад ирсэн хүмүүст УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжууд, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулахаас гадна улс төрд өрнөсөн үйл явцын талаар мэдээлэл өглөө.

Гадаад валютын нөөц 3,5 ам.долларт хүрч, төсвийн орлого анх удаа 10 их наяд давсан зэрэг улс орны эдийн засаг санхүүгийн байдалд эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэдэд хүртээх ёстой гэдэг бодлого баримталж 2014 оноос хойш хөдлөөгүй төрийн албан хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сараас хойш богино хугацаанд хоёр ч удаа тодорхой хувиар ажлын ачаалал, ур чадвараас шалтгаалан ялгамжтайгаар нэмсэн.

Мөн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулж, иргэдийг оюутны сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлж Боловсролын зээлийн сангаас оюутан хүүгүй, барьцаагүй зээлийг авч төгссөн хойноо өөрөө төлж барагдуулах боломжтой болсон зэргээр бодитойгоор иргэдийн амьдралд дэм болох шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж байна.

Хөдөөгийнхний орлогын гол эх үүсвэр болсон малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг тогтвортой өндөр байлгахад анхаарч байгаа. Өвөрхангай аймагт л гэхэд гурван ч махны үйлдвэртэй болсон. Ноос боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа нь түүхий эдийн үнэ тогтвортой байхад нөлөө үзүүлж буй юм. Тухайлбал, өнгөрсөн жил л гэхэд хонины ноос 3500, тэмээнийх 17 000, ямааны ноолуур 90 000-аас буураагүй хэмээн малчид ам сайтай байлаа.

Баян-Өндөр сумынхан спорт заалтай болох хүсэлтэй ярьж олон жил болсон. 2018 оны төсөвт санхүүжилтийн эхний хэсгийг шийдүүлснээр спорт заал барих ажил өнгөрсөн жил эхэлсэн бөгөөд ирэх 7-р сар гэхэд ашиглалтад орох нь ээ.

Энэ онд Баян-Өндөр суманд 80 хүүхдийн дотуур байр, цэцэрлэг, Тамгын газрын барилгын засварын санхүүжилт, Соёлын төвд шаардлагатай тоног төхөөрөмж авах хөрөнгийг суулгуулсан. Мөн аймгийн удирдлагуудтай хамтраад бүх багийн дарга, багийн эмчийг унаажуулах ажлыг хийхээр болсноо ч дуулгалаа.

Баян-өндөрчүүд сум орон нутгаа хөгжүүлэхэд ихэд анхаардаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн С.Чинзоригоос сумыг төвлөрсөн усан хангамжид холбох ажлыг шийдүүлэх боломж байгаа эсэх, эмнэлгийн барилгыг шинээр барих, ЕБС-д Байгалийн ухааны кабинет байгуулах зэрэг саналыг тавьжээ.

ШИНЭ МЭДЭЭ