МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зам тээврийн салбарын гурван чухал асуудал шийдлээ оллоо
2019.04.30
Гадаад харилцаа

Зам тээврийн салбарын гурван чухал асуудал шийдлээ оллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан Монголын төрийн болон хувийн аж ахуйн нэгж компаниуд, БНХАУ-ын аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллахаар зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Үүгээр монголын зам, тээврийн салбарын гурван чухал асуудал шийдлээ олов. Тухайлбал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”, “Налайхаас Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан бол, “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай хэлэлцээр”-т УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гарын үсэг зурлаа.

ТЭЭВЭРЧДЭД ТУЛГАРДАГ ХҮНДРЭЛ АРИЛНА

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протоколыг шинэчлэн баталлаа. Шинэчилсэн протоколд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ыг төлөөлж, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин нар гарын үсэг зурав.      

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр улсын хооронд автотээврээр хийж буй тээвэрлэлтийн хэмжээ, төрөл нэмэгдэж байгаатай холбогдон зарим нэг эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх талаар Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр болон хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай яамд хоорондын протоколд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

Уг Протоколын шинэчилсэн төсөлд, шилжүүлэн ачих боломжгүй аюултай болон овор хэмжээ ихтэй ачаа тээвэрлэхэд чиргүүл, хагас чиргүүлийг солихгүйгээр зөвхөн чирэгч автомашин/зүтгүүр/-ыг сольж, нутгийн гүнд тээвэрлэлт хийх, тээвэрлэлтэд тавих хяналт шалгалтыг сайжруулах үүднээс жолооч, тээврийн хэрэгслийн мэдээллийн сан байгуулах зэрэг асуудлын зохицуулалтыг тусгав.

УЛААНБААТАР-НАЛАЙХ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БНХАУ-аас Монгол Улсад олгосон 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын газар чөлөөлөлтийн ажилд Засгийн газраас 3.9 тэрбум төгрөгийг төсөвлөж, одоогоор түр зам гарган, төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд байна. Энэхүү замыг Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтсан нэгэн том бүтээн байгуулалт болж, ирэх 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ХИЛЭЭР СААДГҮЙ НЭВТЭРНЭ

БНХАУ-д болсон “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай” хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, БНХАУ-ыг төлөөлж Хятадын төмөр замын ерөнхий компанийн дэд ерөнхийлөгч Ли Пэн Шин нар гарын үсэг зурав.

Дээрх хэлэлцээрийг байгуулснаар хил, гааль дээрх ачаа тээврийн бичиг бүрдүүлэх ажиллагаа цахимаар урьдчилан хийгдэж, хилээр нэвтрэх хугацаа багасаж, тээврийн үйл ажиллагаа саадгүй, түргэн шуурхай болох юм. Ингэснээр Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр өсөхөд түлхэц болно гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ