МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019.05.15
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 10 цаг 34 минутад эхэлж  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02,03-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн зарим заалтыг нягтлах, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн болохыг тэрбээр танилцуулгадаа дурдав.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төсөл дэх харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байх тухай заалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана”, 10.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.” гэж заасантай зөрчилдөж байх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ