МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Эхний ээлжинд 670-аас бага босго оноотой хүүхдэд мөнгө олгоно
2019.06.03
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Эхний ээлжинд 670-аас бага босго оноотой хүүхдэд мөнгө олгоно

Энэ сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох болсонтой холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.


 

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход 12.3 тэрбум төгрөг шаардлагатай

Тэрбээр “2018 онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх УИХ-ын 40 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд өнгөрсөн оны долоо, наймдугаар сард орон нутгуудын хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийг түшиглэж, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй иргэдийн судалгааг авсан. Энэ судалгааг нэгтгээд үзвэл хөдөлмөр халамж үйлчилгээний газарт өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлсэн байна. 70 мянган хүүхэд нэмж хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан байгаа. Тиймээс зургадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоход саад бэрхшээл байхгүй. Иргэдэд хандаж хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, өнгөрсөн оны долоо, наймдугаар сард харьяа газрынхаа хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргасан бол дахин хүсэлт гаргахгүй мөнгө авна. Харин танай хүүхдийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд орсон эсэхээ шалгаад баталгаажуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрвээ 2018 онд хийсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлэн харьяа газрынхаа хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нийгмийн ажилтнуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ гаргах хэрэгтэй. Иргэдийн хүсэлтийг авсны дараа амьжиргааны төвшинг нь 670 гэсэн оноогоор татаж үзээд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно. Зургадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ мөнгийг 2019 оны хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын батлагдсан багцаас олгох бүрэн боломжтой. тиймээс ямар нэгэн хууль зөрчих асуудал байхгүй. Хүүхдийн баярын өмнө хүсэлтээ гаргахгүй бол хүүхдийн мөнгө авч чадахгүй гэсэн зүйл байхгүй” гэсэн юм.

Энэхүү мэдээллийг өгсний дараа түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зургадугаар сар хүртэл хүүхдийн мөнгө аваагүй хүүхдэд нөхөж олгоно гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Өнгөрсөн жил судалгаа авахад хүсэлтээ гаргасан өрхүүдийн мэдээлэл нь ХХҮЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн. 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төсөв баталсан. Нэмэлт эх үүсвэрийг сая шийдэж байгаа учраас нөхөж олгох тухай асуудал байхгүй. Тэгэхээр зургадугаар сарын 1-нээс бодож хүүхдийн мөнгө олгоно.

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан хэрнээ амьжиргааны төвшин нь 670 босго онооноос их бол олгохгүй гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан ч 670 босго оноотой айл өрхүүдэд олгоно. Босго оноо тогтоохгүй бол төсвийн эх үүсвэр дутаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа учраас эхний ээлжинд босго оноонд багтаж байгаа хүүхдүүдэд олгоно. Хүсэлт гаргасан иргэдийн тоо нэмэлтээр шийдсэн эх үүсвэртээ багтаж байвал босго оноог хэрэглэх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Тиймээс нэмж орж ирэх 100-аад мянган хүүхдээ босго оноогоо хэрэглэж шийднэ. Одоогоор босго оноондоо багтсан 77 мянган хүүхэд хүсэлтээ өгөөд байна.

ШИНЭ МЭДЭЭ