2019.06.25
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрөгч 7 хоногоос эхлэн УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Эхний хэлэлцүүлгийг хийсний дараа УИХ-ын гишүүд иргэдээс санал авах уулзалтуудыг сонгогдсон тойрогтоо хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрээр өнгөрөгч амралтын өдрөөр Хэнтий аймгийн Батширээт, Хурх тосгон, Өмнөдэлгэр сумын иргэд сонгогчидтой уулзалт хийж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн танилцуулга хийж иргэдийнхээ саналыг хүлээн авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн төв Чингис хаан хотод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хамт ажиллалаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тухай танилцуулга хийж иргэд сонгогчдын санал бодлыг сонссон юм.
Тэрээр Хэнтий аймагт ажиллах үеэрээ Дэлгэрхаан суманд баригдаж байгаа 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. Энэ онд Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сумдад шинэ цэцэрлэг баригдана. Ингэснээр тойргийн бүх сумд цэцэрлэгтэй болж байна.
Хэнтий аймгийн төв багтсан 42-р тойрогт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хамт хийсэн хэд хэдэн чухал хөрөнгө оруулалтын ажлуудын нэг нь Чингис хотын нийтийн тээвэрт ашиглах эх орны үйлдвэрийн Эко бага оврын бүрэн цахилгаан автобус юм.
Өндөрхаан Дадал чиглэлийн хатуу хучилттай замын ажил эрчимтэй явагдаж байна. Энэ жил Бор-Өндөр Даланжаргалан чиглэлийн 45 км хатуу хучилттай замын ажил мөн амжилттай явагдаж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар танилцлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллах үеэр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232-р ангийн 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд баярын арга хэмжээнд оролцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17