МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЗБХ:Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналууд дэмжигдлээ
2019.07.03
Хууль, эрх зүй

ЭЗБХ:Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналууд дэмжигдлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хорооны өнөөдрийн (2019.07.03) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар төсөл хэлэлцэх дэг, холбогдох хуулийг танилцуулсан бөгөөд хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар оролцсон. 

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын асуултад төсөл санаачлагчид болон дэд ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

Гишүүдийн зүгээс одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд эдийн засгийн асуудлыг тусгасан ч өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хөгжил сул байгааг хөгжлийн бодлого, зохицуулалтыг тодорхой тусгаагүйтэй холбож байлаа. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн дунд, урт хугацааны бодлоготой байх, түүнийгээ төлөвлөж хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг төрийн бүтцийг байгуулах, эдийн засгийн харилцааг дэмжих зэрэг асуудлуудыг зайлшгүй тусгах цаг болсныг анхааруулж байлаа. Ингэснээр парламентын сонгуулиар аль ч улс төрийн хүчин, нам олонх болж, Засгийн газар солигдсон ч Үндсэн хуульд заасан хөгжлийн урт хугацааны бодлогоо хэрэгжүүлдэг болно гэж үзэж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Үндсэн хуульд  эдийн засгийн хөгжлийн талаар төрийн бодлого, зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, зохион байгуулалтын зарчмыг тусгасан ч хотын доторх засаг, захиргааны  нэгжийн зохицуулалт тодорхойгүй байгааг лавлаж байлаа.

Төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэж огт байдаггүй. Иймд бид төслийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг агуулгыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтцийг бий болгохоор томьёолол дээр нь ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлон ямар нэг Засгийн газар, улс төрөөс үл хамааран УИХ-аар батлуулдаг бүтэцтэй байх шаардлагатай байна гэдгийг онцлов. 

Төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин ярилцаж, томьёоллыг нь тодорхой болгохоор ажиллаж байна. Ер нь  хот шинээр байгуулбал засаг захиргаа нь хороонд нь хуваагдана. Орхон, Дархан-Уул аймгаар жишээ авахад залгаа сумд нь хотдоо харьяалагдаад хороо болно эсвэл хажуугийнхаа аймагтаа харьяалагдаад сум болно хэмээн ажлын дэд хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн тайлбарлаж байлаа.  

Хуралдаан Монгол Улсын Үндсэн  хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан найман гишүүнээс зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасан тул томьёолол бүрийн санал хураалтаар үргэлжлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслийн 1.1-т “Нам иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж” гэсний дараа “улс орны нийтлэг эрх ашиг үндэсний аюулгүй байдлыг дээдлэн Үндсэн хуулийн хүрээнд” гэж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийн 21.4-т “хуулиар тогтооно” гэсний дараа “нам, иргэн бие даан нэр дэвшүүлж болно” гэж үг нэмэх  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн урт болон дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой, залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагатай байна” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь  дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ