2019.08.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өвөрхангай аймгийн Бүрд сум шинэ соёлын төвтэй боллоо
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж, Ардын жүжигчин Чимидийн Долгорсүрэнгийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сум Их Монгол уулыг түшиж өндийсөн урлаг соёлын одууд олонтой газар. Хамгийн сүүлд л гэхэд сонгодог урлагаар дэлхийд нэрээ гаргасан дуучин Энхболдын Анхбаяр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн.
Тус сумын Соёлын төв 1956 онд баригдсан хуучирч муудсан, ард иргэдэд соёл урлагаар үйлчлэх боломж бололцоо муу байгаа тухай олон жил ярьсан. Тиймээс УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг энэ асуудлыг шийдэх зорилгоор 2018-2019 оны улсын төсөвт шинэ Соёлын төв барих хөрөнгийг суулгуулснаар 960 сая төгрөгийн төсөвт өртгөөр бүтээн байгуулалт хийж, энэ сарын 5-нд Бүрд сумын ард иргэдэд хүлээлгэж өглөө.
Орчин үеийн стандартад нийцсэн тайз, дуу чимээ тусгаарлах аккустик хавтан бүхий доторлогоотой хана, 250 гаруй суудалтай үзвэрийн танхим, бүжгийн заал, номын сан гээд онцлох зүйл олонтой сайхан Соёлын сайхан өргөөтэй болсон Бүрдийнхэн тун ч баяртай байлаа.