МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын төв цэгийн галын тэнгэрийг цэнгүүлэв
2019.09.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монгол Улсын төв цэгийн галын тэнгэрийг цэнгүүлэв

Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Өвөрхөшөөтөд Монгол Улсын төв цэг оршдог. Монгол Улсын төв цэг, хүйс, нэг үгээр Монголын хүй дарсан тоонот хэмээн хүндэтгэж энэ газарт жил бүрийн намар гал тахих ёслол хийдэг уламжлалтай.

Энэ жилийн галын тахилга буюу төв цэгийн галын тэнгэрийг баясуулах үйл ажиллагаа өнгөрсөн даваа гаригт буюу намрын илүү тэргүүн сарын шинийн 17-ны улаан луу өдөр боллоо. Эрт үеэс уламжлан ирсэн гал тахих ёслол нь галын сан тавьж, даллага авч, галын бурхныг дуудан залж, идээ ундааны дээж, шар тос, хонины өвчүү, торго дурдан өргөж, галын тэнгэрийг баясуулан галын тэнгэрээс өөдлөн дэвжихийг бэлгэдэн ирээдүйн сайн сайхан бүхнээ даатган гуйн залбирах зан үйл юм.

Тэрхүү уламжлалын дагуу үйлдсэн гал тахих ёслолд ард олны сайн сайхан, улс орныхоо төлөө Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд ном уншин ерөөл айлдаж, урлаг соёлынхон дуу хуураа өргөж төв цэгийн тэнгэрийг цэнгүүлэх галын тахилгыг шашин урлагийн том цэнгүүн болгон зохион байгууллаа.

Тахилгад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХНХ-ын сайд С.Чинзориг аймаг, сумдын удирдлагууд, Бүрд, Баян-Өндөр зэрэг ойр зэргэлдээ нутаг орныхонтой хамт оролцлоо. Мөн Арвайн хүрээний Ганданпунцоглин хийдийн Бандид ламтаны зургадугаар дүрийн хувилгаан Данзанжамъянлодан гэгээнтэн өөрийн биеэр морилон саатаж төв цэгийн суварганд мөргөж хүндэтгэл илэрхийлсэн.

Өвөрхөшөөт нь хуучнаар Халхын Түшээт хан аймгийн далай Гүний хошууны нутаг бөгөөд энэ хавьд Монгол нутгийн төв оршдог гэдгийг эртний мэргэд ном судартаа бичиж үлдээсэн байдагт үндэслэн газар зүйн нэрт эрдэмтэн Шаравын Шагдар нарын эрдэмтэд шинжлэх ухааны аргаар нарийвчилсан хэмжилт хийж 1979 онд тогтоосон байдаг юм.

Их Монгол, Бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээ цагаан нуурын орчмын байгаль говь, хангай хосолсон тун үзэсгэлэнтэй энэ газарт төв цэгийн бэлгэдэл суваргыг 1994 онд босгосон билээ. 

ШИНЭ МЭДЭЭ