МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Соёлын төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2019.09.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Соёлын төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг тойрогтоо ажиллах үеэрээ Өвөрхангай аймгийн Баянгол сумын Соёлын төвийн барилгын ажилтай танилцлаа.

Баянгол сумын Соёлын төв 1978 онд баригдсан бөгөөд өдгөө хуучирч, соёл, урлагаар иргэдэд үйлчлэх боломж хязгаарлагдмал болсон тул шинэ барилгатай болгоход анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг С.Чинзориг гишүүнийг очих бүрт хэлдэг байжээ. Тиймээс өнгөрсөн жил 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус суманд Соёлын төв барихаар болсон төдийгүй 2019 оны улсын төсөвт 800 сая төгрөгийг суулгуулж барилгын ажил эхлэх боломжийг бүрдүүлсэн. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард аймгаас тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулжээ. 

Харамсалтай нь тендерт шалгарсан гүйцэтгэгч “Тэрхийн ундраа” гэх компани өнөөдрийг хүртэл барилгаа барьж эхлэх нь битгий хэл сууриа ч цутгаагүй байгаа нь хэтэрхий хариуцлагагүй хандсаныг илтгэж байна. Тус компани барилгын хуучин суурийг бүрэн авалгүй цутгалт хийхдээ даацын барилгад тохирохгүй арматур ашигласан учраас аймгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ажлыг зогсоож дахин шинээр хийлгэхээр болсон юм байна. Гүйцэтгэгч байгууллагын буруугаас болж Соёлын төвийн барилгын ажил хугацаандаа эхэлж чадаагүйгээс урин дулаан цагт ажлынхаа дийлэнхийг амжуулах боломжгүй болсон байна.

Тиймээс С.Чинзориг гишүүн барилгын явцтай газар дээр нь очиж танилцахад хамт явсан аймгийн Засаг даргын орлогч болон Хөдөө аж ахуйн газрын дарга, сумын удирдлагуудад барилга угсралтын ажилд хяналт сайн тавих, хэрэв ном журмын дагуу ажлаа чанартай гүйцэтгэх боломжгүй бол тендерийг цуцалж гүйцэтгэгчийг шинээр тодруулах, буруутай эзэнд хариуцлага тооцохыг анхаарууллаа.

Мөн гүйцэтгэгч “Тэрхийн ундраа” компанийн захиралтай утсаар ярьж ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ