МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЗБХ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэлэлцэж дэмжлээ
2019.10.08
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

ЭЗБХ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.08) 11 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоо гарсан байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохироод байгааг тэрбээр танилцуулгадаа дурдав. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны дээрх зээл нь 20 жилийн хугацаатай бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх юм байна. Зээлийн хүү жилд 1.75 хувь бол зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувьтай аж. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Л.Болд, Х.Болорчулуун нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Нэмэлтээр шаардлагатай 236 сая ам.долларын зарцуулалтын талаарх тодруулахад анх төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ боловсруулах үед Монгол Улсын 19, 21 дүгээр талбайгаас олборлож буй газрын тосны шинж чанарт тулгуурлсан технологи бүхий боловсруулах үйлдвэр байгуулах уу, эсвэл олон шинж чанар бүхий газрын тосыг боловсруулах технологитой үйлдвэр байгуулах уу гэдэг шийдлийг гаргах шаардлагатай байсан. Ингээд үйлдвэрийн технологийн горимд өөрчлөлт оруулж, ус төрөгчийн аргаар задладаг технологийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн учраас дээрх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Анхбаяр тайлбар хийлээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ