МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2019.10.08
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.08) 11 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийн  хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байгаа аж.  Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь болохыг тэрбээр танилцуулгадаа дурдсан. 

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Зээлийн хүрээнд нийлүүлэгдэх тоног, төхөөрөмжийн ашиглалтын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг тодруулав. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Нисдэг тэргэний нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх сонгон шалгаруулалтын хугацаа товлогдсон, үүний дараа стандарт сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах аж. Тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбогдуулан 44 ажлын байр нэмэгдэх тооцоолол гаргасан бөгөөд холбогдох байгууллагуудад мэдээллийг хүргүүлсэн байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого чиглэлийн талаар тодруулж хариулт авав. Мөн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн юм. Иймд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ