Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг УИХ-ын 24 гишүүн өргөн барилаа
2019.10.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг УИХ-ын 24 гишүүн өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байгаа юм.

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна.

Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.

Шүүхийн практикаас харахад цөөн тооны мал хулгайлсан этгээдэд хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээлгэх нь түгээмэл байгаа бөгөөд энэ төрлөөр шийтгэгдсэн гэмт этгээдүүдийн дийлэнх нь малчинд учруулсан хохирлоо нөхөн төлөлгүй, малаа алдсан иргэд хохирч байгаа ажээ.  

ШИНЭ МЭДЭЭ