Бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын шинэчлэл хэрэгжүүлнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн дагуу төсвийн төслийг УИХ-ын бүх байнгын хороод харьяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцдэг. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагын төсвийг хэлэлцсэн юм.
Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсан.
Ирэх онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, төсвийн сахилга батыг сахиж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.