2019.11.19
Зам, Тээвэр
“Бичигт” хилийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 11 дүгээр сарын 7,8-ны өдөр Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Үүнтэй холбогдуулан:
- Сайншанд-Алтанширээ-Хөөт чиглэлийн төмөр замын трассыг Баруун-Урт хотоор дайруулах асуудлыг судалж шийдвэрлэх
- Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх
- Дотоодын эх үүсвэрийн нөөцтэй болтол “Бичигт” хилийн боомтын цахилгаан хангамжийг БНХАУ-аас хангах талаар судалж шийдвэрлэх
- Үйлдвэрлэлийн болон өрөмдлөгөөс үүсч байгаа газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис агуулсан шингэн хаягдлыг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй арга, аргачлалаар устгах, саармагжуулах
- Хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодисыг устгах
- Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг хугацаанд нь чанартай хийлгэн ашиглалтад оруулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн “Бичигт” хилийн боомтын газар эзэмшил, хилийн боомт байрлаж байгаа нутаг дэвсгэрт засаг, захиргааны нэгж /баг/ байгуулахыг судалж шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт даалгалаа.