МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Популист хууль баталснаар Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээсэн
2019.11.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Популист хууль баталснаар Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээсэн

Эх сурвалж. Өглөөний сонин, М.Хангал

Монгол Улс Олон Улсын валютын сан /ОУВС/-ийн хөтөлбөрт хамрагдаж Нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлийг нэмэгдүүлэхээр холбогдох хуулийг батлаад байгаа. Энэ асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.



-Нийгмийн даатгалын шимтэл хоёр хувиар нэмэгдэх хуульд Ерөнхийлөгч хориг тавих тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. УИХ хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-УИХ-аас өнгөрсөн долоо хоногт 2020 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын 2020 оны төсвийн тухай хуулиудыг баталсан. Ерөнхийлөгчийн зүгээс одоогоор албан ёсоор хориг тавиагүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хориг тавих тухай мэдээлсэн байсан. Хоригийг хүлээж авах юм бол нийгмийн даатгалын сангийн орлого үлэмж хэмжээгээр буурах, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгож чадахгүй байх асуудал үүснэ. Энэ Засгийн газар 2020 оны Нийгмийн даатгалын сангийн төсвийг батлуулахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлчхээгүй.

Өмнөх Засгийн газрын үед буюу 2016 оны эцсээр эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байна гээд ОУВС-тай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах гэрээ байгуулсан. Энэ хэлэлцээрийн дагуу Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай гэж үзээд 2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж 2018, 2019, 2020 онуудад гурван жил дараалан нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсны дараа шинэ Засгийн газар, өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдаад Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орсон асуудал нь хэр бодитой болох тухайд ажлын хэсэг гарган ажилласан юм. Ажлын хэсэгт Ажил олгогч эздийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Засгийн газрын төлөөлөл оролцоод Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орсон асуудлаар талууд судалгаа хийж үзсэн.

Нийгмийн даатгалын тухай хуульд хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт орсон шүү дээ. 2018, 2019, 2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг жил тутамд зургаан сараар нэмэгдүүлэх, хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох гэсэн дөр­вөн асуудал дээр үндэсний хороо ажилласан. Ингээд 2018 оны эхээр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд асуудлыг танилцуулсан. Энэ дагуу монгол хүний дундаж наслалт харьцангуй бага байна. Сүүлийн 20 жилийн дунджаар үзэхэд тэтгэврийн нас 3.5 жилээр нэмэгдсэн байдаг. Тиймээс тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлнэ гэдэг нь амьдралд нийцэхгүй байна гээд гурван талт ажлын хэсгээс тэтгэврийн насыг зургаан сараар биш гурван сараар нэмэгдүүлэхээр санал нэгтэй тогтсон. Мөн хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боломж хараахан бүрдээгүй байна гэдэг шийдвэрт хүрсэн. Түүнчлэн хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох нь буруу гэж санал нэгдсэн. Ингээд энэ гурван асуудлыг Засгийн газар, УИХ-д өргөн барьж, холбогдох хуульд өөрчлөлт оруулаад мөрдөөд явж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа асуудлыг ажлын хэсэг авч үзээд Нийгмийн даатгалын сан алдагдалтай явж байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломж байхгүй гэж гурван талт зөвшилцлийн хороо шийдвэр­лэсэн. Хэрэв энэ асуудалд хориг тавих юм бол Засгийн газар УИХ-д асуудлыг дахиж оруулах учиртай.

-МҮЭ-ээс нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулсан шүү дээ.

-Би жаахан гайхаж байна. Яг жилийн өмнө хамтарсан ажлын хэсэг гаргаад нийгмийн даатгалын шимтгэл болоод хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулсан асуудалд санал нэгдээд “Үнэхээр бодит байдал хүнд байгаа учраас бууруулах боломжгүй юм байна. Шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрийг үргэлжлүүлэх нь зүйтэй” гэж тохирчхоод өнөөдөр гэнэт мэдэж байгаа юм шиг шимтгэлийг нэмэх нь буруу гэж жагсаал хийж байгаад гайхаж байна. Бид албан ёсоор МҮЭ-ийн холбоонд санал хүргүүлнэ.

-Засгийн газраас эдийн засаг сэргэж байна гэж байгаа. Ийм нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байж болохгүй хэрэг үү?

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. 2019 онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж үйл ажиллагаа явуулж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээр ажил олгогч нэг хувь, ажилтан нэг хувь нэмэгдэж байгаа. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 160 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Хэрэв хоёр хувийн нэмэгдлийг хориглох юм бол Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 160 тэрбум төгрөгөөр дутаж, тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа тавих боломж бүрдэхгүй болно.

Ер нь Нийгмийн даат­галын сан нь таван төрлийн сангаас бүрддэг. Тэтгэврийн даатгалын сан нь алдагдалтай ажилладаг. Бусад буюу Эрүүл мэндийн даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, Тэтгэмжийн сангууд нь алдагдалгүй ажилладаг.

-Тэтгэврийн даатгалын сан яагаад алдагдалд ороод байна вэ?

-УИХ-аас гаргаж байгаа шийдвэртэй холбоотой юм. Өмнөх УИХ-аас ажилласан жилд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хууль баталсан. Энэ хуулийн хүрээнд 1990-1995 онд ажиллаагүй байсан иргэдээс шимтгэл аваагүй атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд тооцуулан тэтгэвэрт оруулсан. Мөн 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж байсан атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль баталсан байдаг. Эдгээр иргэд нь шимтгэлээ нөхөн төлсөн боловч тухайн үеийнхээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлснийхөө доод үнээр биш бүр шимтгэл төлж чадаагүй байсан үеийнхээ шимтгэлээр тооцон төлсөн. Өөрөөр хэлбэл, 40 мянган төгрөгөөр тооцон 4000 төгрөг төлчхөөд 310 мянган төгрөгийн тэтгэвэр авах нөхцөл бүрдсэн. Эдгээр хуулиас болоод нийгмийн даатгалын сангийн алдагдал сүүлийн дөрвөн жилд огцом өссөн. Уг нь 2009, 2010, 2011 оны үед Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөөд явдаг байсан. 2012 оноос эхлэн ажилласан жил нөхөн тооцох хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор 600 мянган иргэн улсад ажиллаагүй атлаа ажилласанд тооцогдсон. Мөн 607 мянган иргэн нийгмийн даатгалын төлөгч болж орж ирэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулсан. Эдгээр иргэдээс 233 мянган иргэн нь 2012 оноос өнөөдрийг хүртэл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэж 700 тэрбум төгрөгийн тэтгэвэр аваад байна. Гэтэл эдгээр иргэд 38-хан тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн. Зөрүү нь 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг Нийгмийн даатгалын сан хүлээж байгаа.

Тэгэхээр энэ Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буруу үрээд байгаа хэрэг бус. 2012 онд УИХ-аас сонгуульд зориулж, популист амлалтдаа хөтлөгдсөн хууль баталж, хэрэгжүүлсэнтэй холбоотой. Ерөөсөө улсад ажиллаагүй байж улсад ажиллаж, шимтгэл төлснөөр тооцсон. Мөн улсад ажилласан боловч тухайн үед хүчин төгөлдөр байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөөгүй 600 мянган иргэн орж ирсэн. Хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж байгаад Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ хүлээж авах юм бол 160 тэрбум төгрөгийн орлогыг яаж нөхөх вэ гэдэг асуудал үүснэ. Түүнчлэн улсад ажиллаагүй атлаа ажилласан болж орж ирсэн хүмүүсийн авч байгаа тэтгэврийг зогсоох асуудал ч үүсэж болзошгүй. Эдгээр иргэдээс 233 мянган иргэн тэтгэврээ аваад эхэлсэн. Цаана нь 400-аад мянган иргэн тэтгэвэр авахаар хүлээж байна. Тэдгээр иргэд ороод ирвэл Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал улам нэмэгдэнэ. Тэгэхээр ямар ч тооцоо судалгаагүйгээр Нийгмийн даатгалын санг 700 тэрбум төгрөгөөр алдагдалд оруулсан хуулиа эргэж харахаас өөр аргагүй болно. Энэ бүхэн нь асар их маргаантай асуудал үүсгэнэ.

-УИХ 2020 оны төсөв батлаад удаагүй байна. Ирэх онд Монгол Улс нийгмийн хамгааллын салбарт хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Засгийн газраас эдийн засгийн өсөлт гарч байгаа бол уг боломжийг нийт ард түмэндээ тэгш, шударгаар хүртээх ёстой гэдэг бодлого баримталж байгаа. Энэ дагуу 2014 оноос хойш нэмэгдэж чадаагүй төрийн албан хаагчдын цалинг гурван удаа нэмэгдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын дундаж цалин 950 мянган төгрөгт хүрсэн. Энэ нь 2014 оны түвшнээс 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Ирэх жил бид төрийн албан хаагчдын цалинг нэмэг­дүүлнэ. Дээр нь төрийн үйлчилгээний албан хаагчдад төрийн захиргааны албан хаагчидтай адилхан улсад ажилласан жилийн нэмэгдэл олгодог болж байгаа. Ирэх жил улсын төсөвт төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох удаан жилийн нэмэгдэлд 140 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төрийн үйлчилгээний албан хаагчид ажилласан жилээсээ хамаараад 5-25 хүртэлх хувийн нэмэгдэл авдаг болно. Нийтдээ 290 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл болон төрийн үйлчилгээний албан хаагчдын урамшууллын асуудлыг шийднэ.

-Мөн ирэх оноос нийгмийн даатгалтай холбоотой шинэ хуулиуд хэрэгжиж эхлэх юм билээ?

-Ирэх жилээс малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулиа хэрэгжүүлж эхэлнэ. Ээжүүд даатгагдсан хэлбэрээсээ үл хамаараад цалин хөлснөөсөө жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувь авдаг байх хууль хэрэгжинэ. Ээжүүдийн төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог байх хуулиа хэрэгжүүлж эхэлнэ. Хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдийн энэ хугацааных нь нийгмийн даатгал шимтгэл тасралтгүй төлөгддөг байх хуулиуд хэрэгжинэ. Үндсэндээ нийг­мийн хамгааллын чиглэ­лийн олон шинэ хуулиуд хэрэгжинэ. Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талын арга хэмжээ хэрэгжүүлэх болно.

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг ирэх жилээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Аав ээжүүд хүүхдийн мөнгөө авах хүсэлт гаргах юм бол тухайн өдрөөс эхлэн олгоно. Харин нөхөж олгохгүй. Монгол Улсад нэг сая 193 мянган хүүхэд бий. Одоогоор бид нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байгаа. Дээр нь 130 мянган хүүхэд нэмэгдээд нэг сая 130 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэсэн тооцоо гарсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ баталлаа. Таны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт хэр үр дүнтэй болсон  гэж үзэж байна вэ?

-Өнгөрсөн тав дахь өдөр УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. Энэ удаагийн өөрчлөлтөөр чухал өөрчлөлтүүд орсон гэж үзэж байна. 1999 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад дордуулсан долоон өөрчлөлт орж ирсэн гэдэг. Дордуулсан зүйл заалтуудыг бүрэн засаж чадсан. Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх, хариуц­лага тооцох эрх мэдлийг нь олгосон. Мөн байгалийн баялгийг иргэддээ тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийн эзэд нь Монголын ард түмэн байх ёстой гэдэг зарчмын асуудал тусгагдсан учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг чухал өөрчлөлтүүд орсон гэж үзэж байна.

-Засгийн газрын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болох тухай заалтыг шүүмжлэх гишүүн олон байна. Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаагийн хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар гүйцэтгэдэг байх асуудлыг 100 хувь шийдэж чадаагүй нь үнэн. Засгийн газрын дөрвөн гишүүн нь парламентын гишүүн байж болно гэж заасан. Ер нь парламентын засаглалтай бусад оронд парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болдог жишиг бий. Манай орны хувьд харьцангуй цөөн гишүүнтэй учраас Засгийн газрын арав гаруй гишүүн орчихоор парламент дахь Засгийн газрын гишүүдийн нөлөө өндөр болчхоод байгаа. Уг нь гүйцэтгэх засаг­­лал, хууль тогтоох эрх мэдэл хоёрыг холих зарчим ч бас зөв. Аливаа улс төрийн хүчин шилдэг гэгдэх боловсон хүчнээ л УИХ-д нэр дэвшүүлдэг шүү дээ. Энэ талаас нь бодвол намаасаа нэр дэвшиж чадаагүй, ард түмнээс мандат аваагүй хүмүүс Засгийн газарт орчих юм бол Засгийн газрын чадавх нь буурах асуудал үүснэ. Тиймээс Засгийн газрын дөрөвхөн гишүүн 76 гишүүн дотор байхад болох юм гэж үзэж байгаа.

Нөгөө талаасаа амьдрал баян. Нэг нам дангаараа олонх болоод Засгийн газраа байгуулаад байвал “давхар дээл”-ний асуудал байхгүй байж болно. Аль ч нам дангаараа засаг байгуулах хэмжээний ялалт байгуулаагүй буюу 2012 оных шиг АН олонх болоогүй ч олон суудал авсан гээд засгийн эрхийг авах нөхцөл үүсвэл эвслийн Засгийн газар байгуулж таарна. Эвслийн Засгийн газарт тухайн намын лидер гэгдэж байгаа гишүүн орох юм. Ядаж намын дарга нар нь эвслийн Засгийн газарт орж, тухайн Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж ажиллах боломжтой болно. Хэрэв 100 хувь гаднаас Засгийн газар бүрдэх юм бол намын удирдагч, лидерүүд нь Засгийн газарт орох үүд хаалга хаагдана. Ийм олон талын асуудал байгаа учраас дөрвөн гишүүн гэж үлдээсэн.

ШИНЭ МЭДЭЭ