МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2019.11.20
Эдийн засаг, Худалдаа

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.20/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монголбанкнаас боловсруулсан Төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа аж.

Иймээс ирэх онд инфляцыг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувьд тогтворжуулахаар тусгажээ. Мөн банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэтгэл хийж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэх ажил өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтойг төслийн үзэл баримтлалд дурджээ. Цаашид эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэх юм.

2019 оны есдүгээр сарын байдлаар, банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өссөн. Харин эхний хагас жилд эдийн засгийн бодит өсөлт 7.3 хувьд, валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн нь Монгол Улс эдийн засаг уналтаас гарч, өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлж буй юм.

Гэхдээ манай эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад хөрөнгийн урсгал, гадаад эрэлтээс өндөр хамааралтай байгаагаас эдийн засгийн болон санхүүгийн мөчлөг богино, давтамж олон байдаг Иймд мөчлөгийн уналтын далайцыг бууруулах, болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэхийн тулд эдийн засгийн болон санхүүгийн салбарын дархлааг нэмэх, санхүүгийн нөөцийг бүх шатанд хуримтлуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг төслийн үзэл баримтлалд онцолжээ. 

Байнгын хорооны хуралдааны үеэр тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүр санал хураав. Улмаар санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ