Л.Оюун-Эрдэнэ: Хоёр намд байршчихаад гурван үсэгтэй компаниас санхүүжилт авдаг улс төрчдийн бүлэглэлийг МАНАН гэдэг
2019.11.22
Улстөр

Л.Оюун-Эрдэнэ: Хоёр намд байршчихаад гурван үсэгтэй компаниас санхүүжилт авдаг улс төрчдийн бүлэглэлийг МАНАН гэдэг

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “УИХ-ын гишүүд юу ярив, ямар асуудал дээр ямар байдлаар товчлуур дарж байв, тэдний улс төрийн байр суурь юу байв, үлдээсэн өв нь юу байв, гүйцэтгэл нь ямар байв, эд хөрөнгийн болон бусад хүсэл шуналаа яаж хязгаарлаж байв гэдгийг үнэлээд өгдөг ийм нийгэм, ийм судалгааны байгууллагатай хэвлэл мэдээллийн томоохон бүтэц, иргэний байгууллагатайгаа хамтраад ажилладаг жишиг удахгүй тогтоно.

Өрөөндөө нэг юм яриад, чуулганы танхимд орж ирээд өөр юм яриад байдаг хүмүүс улс төрийн тавцангаас арчигдах болно. Ийм цаг ирж байгаа шүү. МАНАН гээд л одоо нэг их мэдэн будилцгаагаад байх юм. МАНАН гэдэг МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш ээ.

Хоёр намд байршчихаад гурван үсэгтэй хэдэн компаниудаас санхүүжилт авчихаад Оюутолгой, Тавантолгой болон бусад стратегийн орд газруудын лиценз, тэдэнд байгаа шахааны бизнесийг аваад тэр мөнгөө улс төр рүү оруулж, бохирдуулж тоглож байгаа хэсэг улс төрчдийн бүлэглэлийг хэлээд байгаа юм. Энэ асуудал чинь эхнээсээ ил болж байгаа.

Яармагийн газрыг эргэн тойронд нь авчихаад одоо нийслэлийн талбайг тийш нь нүүлгэх гээд ямар ч захирамжгүйгээр давуу эрх өгсөн асуудлыг чинь ярьж байгаа юм, өөрсдөдөө концепц авдаг асуудлыг чинь ярьж байгаа юм. Энэ бүх асуудал чинь хоёр намд байгаад аргагүй нөхцөл байдал үүсээд тэсэрч байгаа юм. Ийм л зүйл болж байгаа юм.

1990 онд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Хоёр намд ээлжилж саналаа өгөөд ийм нийгэм байгуулагдаагүй учраас Монголын ард түмэн өнөөдөр хилэгнэн уурлаж байгаа юм. Энэ судасны долгионыг мэдрэхгүй явж байгаад хоёр дахь жагсаал дээрээс гишүүд ойлгож эхэлж байх шиг байна.

Энэ хүлээлтэнд нь бид нар хариу өгөхгүй бол нийгмийн тогтолцоогоо бүхэлд нь алдах эрсдэл байна гэдгийг л яриад байгаа юм. Түүнээс хувь хүнтэй холбоотой асуудлын тэмцэл гэж бидний хэн ч яриагүй. М.Энхболд гэдэг хүн огцорчихвол сайхан болно гэж яриагүй. Харин харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад байсан, дарагдаад байсан асуудал эхнээсээ хөвөрч эхэлж байгаа эхлэл юм аа. Энэ бол төгсгөл биш.

ШИНЭ МЭДЭЭ