Францаас Онцгой байдлын салбарт техник олгох хэлэлцээрийг өргөн барина
2019.12.11

Францаас Онцгой байдлын салбарт техник олгох хэлэлцээрийг өргөн барина

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлин нар тус хэлэлцээрт энэ оны 10 дугаар сарын 16-нд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төсөл батлагдвал, БНФУ-ын Засгийн газрын 57.9 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Онцгой байдлын байгууллагад агаараас авран хамгаалах нэгж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлнэ.

Тодруулбал, "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефт хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Дээрх зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж. Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 21-ний хуралдаанаар, Агаараас эрэн хайх, аврах анги шинээр байгуулах шийдвэр гаргажээ.

Товч мэдээ

  • - “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
  • -  Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал” олгохоор шийдвэрлэв. Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрөв.
  • -  2020 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд алба хаагчдаа оролцуулна. Монгол цэргүүд нэр бүхий долоон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.
  • -  Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр болов. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилов. 

ШИНЭ МЭДЭЭ