МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өвөрхангай аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байна
2019.12.17
Орон нутгийн хөгжил

Өвөрхангай аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийн сонгогдсон тойргийн отроор яваа малчидтай уулзаад ирлээ. Тэрээр  Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Дашинчилэнд оторлож байгаа нутгийн малчидтайгаа очиж уулзлаа. 1200 гаруй өрх өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байна.  

Рашаант суманд Аргалын ар, Дашинчилэн суманд Эрээн ухаа нэртэй газруудад уулзах зар түгээхэд Өлзийт, Бүрд, Сант, Баянгол, Есөнзүйл, Баян-Өндөрийн 160 шахам өрхийн төлөөлөл бас Арвайхээр, Хархорин, Зүүнбаян-Улааны оторчид ч ирсэн байна.

Энэ жил Өвөрхангай аймгийн ихэнх сумд тэр дундаа манай тойргийн зүүн талын сумдад зуншлага оройтсон, бороо хур багатай байсан нь өвөлжилт хүндрэх нэг шалтгаан болсон. Тиймээс өнгөрсөн арав, арваннэгдүгээр сараас хэдэн малынхаа аяыг харж нүүсээр зэргэлдээ аймгуудаас гадна Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дорнодод ч  өвөлжиж байгаа аж.

Оторчид доод тал нь хорь гуч хоног нүүдэллэж байж өвөлжих газар олсон гэнэ. Оторчдод ихэнхдээ хөөж туух, татвар хураамж нэхэх зэрэг асуудал тулгардаг байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг өвөлжилт хүндэрч болзошгүйн улмаас отор нүүдэл ихэсч, малчдын хувьд хүндрэл бэрхшээл их байгаа талаар Улсын онцгой комиссын даргад дуулгаж Шуурхай бүлэг ажиллуулах хүсэлт тавьсан юм.

Тэр дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Булган, Архангай, Төв, Өвөрхангай аймгийн дарга нарыг, сумдын удирдлагуудтай нь газрын дунд Рашаантад урьж Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгтэй өргөтгөсөн хуралдаан хийсэн. Уг хурлаар тал талаасаа зовлон бэрхшээлээ ярилцаж ямартай ч өвөл хаврыг хохирол багатай давахын тулд хаа хаанаа нэг нэгнээ ойлгож дэмжиж ажиллах зөвшилцөлд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, отор хүлээж авч байгаа аймаг сумдынхан малчдаас бэлчээр ашигласны болон малын хөлийн татвар хураамж нэхэхгүй байх, хөөж туухгүй боломжоороо өвөлжүүлэх, оторчдоо илгээж байгаа аймаг, сумдын удирдлагад отор нүүдлийн зам маршрутыг тодорхой болгож, малын тоо толгойг тохирч сумдын Засаг дарга нартай гэрээ хийх, малчдаа эргэж тойрох, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх зэрэг тодорхой үүргүүдийг өгсөн.

Мөн малчдын хариуцлагыг дээшлүүлэх, зааж өгсөн газарт өвөлжих, өвөлжөө бууцыг нь ашигласан бол хавар буцахдаа цэвэрлэгээ ариутгал хийх, сэг зэм үлдээхгүй байх, малынхаа эрүүл мэндийн бичиг болон А данс зэрэг шаардлагатай бичиг баримтаа авч явах зэргийг ярилцсаныг оторчдод дуулгалаа.

Энэ хурлын дараа Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн байдлын талаар хэлэлцээд отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгө болон өвс тэжээлийн асуудлыг шийдсэн төдийгүй аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын хүлээх үүрэг хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ хийж ажиллах талаар сум, багийн Засаг дарга нарт үүрэг өгч ажиллахыг бүх аймгийн Засаг дарга нарт даалгасан Засгийн газрын тогтоол гаргасныг ч танилцууллаа.

Сангийн сайдтай ярилцаж байгаад Өвөрхангай аймгийн ирэх жилийн төсөвт өвөл хаврыг хохирол багатай давахад малчдад туслах зорилгоор бага биш мөнгө тавиулсан. Тэр хөрөнгөөр оторт яваа малчдын хувьд тулгамдсан асуудал болсон түлш, өвс тэжээлийн асуудлыг шийдэх, отрын малчдаа эргэж тйорох, шаардлагатай үйлчилгээг үзүүлэхээс гадна отор хүлээж авсан сумдын эрүүл мэнд, боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх зэргийг шийдвэрлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ