МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Ээжүүд даатгуулсан хэлбэрээсээ үл хамааран жирэмсний тэтгэмжээ 100 хувь авдаг болно
2019.12.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Ээжүүд даатгуулсан хэлбэрээсээ үл хамааран жирэмсний тэтгэмжээ 100 хувь авдаг болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос ирэх оноос хэрэгжиж эхлэх цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдлийн талаар тодрууллаа. 

-Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргасан. Тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс нэмэх боломжтой юу?

-Нийт төрийн 170 гаруй мянган албан хаагчийн цалинг найман хувиар нэмэгдүүлэхээр болсон. Тэтгэврийн асуудлыг хараахан шийдээгүй байна. 

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шинэ он гарсны дараа Засгийн газрын хуралдаанаар оруулна. Тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс үү, хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэх үү гэдгийг шийднэ. Яамны хувьд сар шинийн баярын өмнө тэтгэвэр нэмэгдүүлдэг уламжлалаар хоёрдугаар сарын 1-нээс нэмье гэдэг байр суурьтай байгаа.  

-Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хэдэн хувиар нэмэгдэх вэ?

-Төрийн үйлчилгээний ажилтнууд ажилласан жилээсээ хамаараад 5-25 хувийн цалингийн нэмэгдэл авахаар болсон. Төрийн үйлчилгээний албан хаагч гэхээр зөвхөн багш, эмч нар биш шүү дээ. Үйлчлэгч, слесарь, асрагч гээд өөр олон ажил мэргэжлийн хүмүүс төрийн албанд ажилласан хугацаанаасаа хамаарч цалингаа нэмүүлэхээр болсон. 

Манай Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдсанаасаа хойш гурван удаа цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 2019 оны дүнгээр төрийн албан хаагчдын дундаж цалин 950 мянган төгрөгт хүрсэн. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгох болсноор нийтдээ гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчийн дундаж цалин 1,070,000 төгрөгт хүрнэ. 

-Халамж, тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт орох уу? 

-Ирэх жилээс нийгмийн даатгалтай холбоотой хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлнэ. Малчдын нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль хэрэгжинэ. 

Дээр нь олон хүүхэдтэй ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилгоор төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэх хууль хэрэгжиж эхэлнэ. 

Өөрөөр хэлбэл, төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор тухайн ээжийн ажилласан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Үүнийг дагаад цалингаасаа тэтгэвэр тооцуулах хувь хэмжээ нь нэмэгдэх юм. Жишээ нь, одоогийн хуулиар дөрвөн хүүхэд төрүүлсэн, 20 жил ажилласан ээж 55 настайдаа тэтгэвэрт гарлаа гэхэд тэтгэврийг цалин хөлсний 45 хувиар бодуулна. 

Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр дөрвөн хүүхэд төрүүлсэн тухайн ээжийн ажилласан хугацаан дээр зургаан жил нэмэгдэж, 26 жил болно. Ажилласан жил нэмэгдэхээр тэтгэвэр бодуулах хувь нь 9%-аар нэмэгдээд, цалин хөлснөөсөө 45 хувиар бус, 54 хувиар тэтгэвэрээ бодуулж авах юм. 

-Хүүхдээ харах чөлөөтэй байгаа ээжүүдийн нийгмийн даатгалыг шимтгэлийг тасалдуулахгүй байх өөрчлөлтийн талаар тодруулахгүй юу? 

-2020 оноос хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа ээжүүдийн НДШ тасалдахгүй төлөгддөг байх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, нийгмийн даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Сайн дурын даатгалд хамрагдсан ээж хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа бол 50 хувийг нь Нийгмийн даатгалын сангийн Сайн дурын сангаас, 50 хувийг нь эх өөрөө төлнө. 

НДШ огт төлдөггүй эх хүүхэд төрүүлээд, гурван нас хүртэл нь харж, асарч байгаа бол энэ хугацааны даатгалын шимтгэлийн 50 хувийг улс, 50 хувийг өөрөө төлөх хууль хэрэгжиж эхэлнэ. 

Ер нь даатгалд хамрагдсан хэлбэрээсээ хамаарч ээжүүд жирэмсний болон амаржсны тэтгэмжийг цалин хөлснөөс ялгамжтай авч байгаа. Одоо бол даатгалд хамрагдсан ээжүүд цалингаасаа жирэмсний тэтгэмжээ 100 хувь авдаг. Сайн дурын даатгалд хамрагдсан эмэгтэйчүүд жирэмсний тэтгэмжийг 70 хувиар тооцож авдаг. 

Ирэх оноос хэрэгжих хуульд даатгалд хамрагдсан л бол даатгуулсан хэлбэрээс үл хамааран цалин хөлснөөсөө жирэмсний тэтгэмжээ 100 хувь авдаг болно

ШИНЭ МЭДЭЭ