МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Чинзориг: Цагаан сараас өмнө тэтгэвэр тэглэх асуудлыг бүрэн дуусгана
2020.01.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Цагаан сараас өмнө тэтгэвэр тэглэх асуудлыг бүрэн дуусгана

Эх сурвалж. Өглөөний сонин, сэтгүүлч М.Хангал

Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ.

Мөн Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байгаа аж. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асарч байгаа 63 мянган иргэн сар бүр 76-114 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байсан юм.

Тэтгэвэр, халамж, асаргааны тэтгэмжийн нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Тэтгэвэр, халамж, асаргааны тэтгэмжийн нэмэгдэлтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулга авлаа.


-Засгийн газраас тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Тэтгэврийн нэмэгдэлд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?

-Засгийн газрын тогтоолоор ирэх хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 150 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсөвт тусгасан. Нийгмийн даатгалын сангаас 422 мянган ахмад тэтгэвэр авч байгаа. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг байна. Нийт тэтгэврийн насны иргэдийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр авдаг. Иймд Засгийн газраас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 350 төгрөгт хүргэх шийдвэр гаргаж байна. Харин 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 35 мянган төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 410 мянган төгрөгт хүрч байна. Энэ шийдвэр гарснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2016 онтой харьцуулахад 45 хувиар нэмэгдсэн дүн мэдээ гарч байгаа.

-Нийгмийн халамжийн тэтгэв­рийг нэмэгдүүлэх юм байна. Ямар хүмүүс энэ нэмэгдэлд хамрагдах вэ?

-Нийгмийн халамжийн тэтгэврийн нэмэгдэлд энэ жил 18 тэрбум төгрөг тусгасан. Энэ хэмжээнд багтааж Халамжийн сангаас олгох тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр 188 мянган төгрөгт хүргэх шийдвэр гаргасан. Нэгэнт тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байгаа учраас хоёрдугаар сарын 1-ний өдөр нэмэгдсэн тэтгэврийг олгоно. Халамжийн сангаас асаргааны тэтгэмж олгодог. Үүнийг 88 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

-Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зарим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмсэн. Энэ хүмүүс тэтгэврийн нэмэгдэлд хамрагдах уу?

-1991 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 44 мянган иргэдийг тэтгэвэр авах нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан. Улмаар тэтгэвэр авах нас нь болоогүй байна гээд мөнгөн тэтгэмж олгож ирсэн. Эдгээр иргэд тэтгэвэр авах насанд хүрч байгаа. Эдгээр иргэдийн нийгмийн хамгааллын асуудал орхигдож ирсэн хэмээн үзэж Засгийн газраас тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ сардаа багтааж энэхүү нэмэгдэл иргэдийн гар дээр олгоно. Тэгэхээр 50 мянган төгрөгийн нэмэгдэл дээр нэмээд тэтгэврийн нэмэгдлийн арга хэмжээнд хамрагдахаар болсон.

-Тэтгэврийн зээлийг тэглэх ажлын хэрэгжилт ямар шатандаа явна вэ?

-Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг УИХ-аас баталсан. Хуулийг хэрэгжүүлэх учиртай. Би өчигдөр холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” компани Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үнэт цаас гаргах ёстой. Энэ ажлыг яаравчлах хэрэгтэй. Мөн Хөгжлийн банк үнэт цаасанд баталгаа гаргах асуудлыг шуурхайлах чиглэл өгсөн. Цагаан сарын өмнө иргэдийн тэтгэврийг тэглэх асуудлыг бүрэн дуусгах чиглэл өгсөн. Нэгдүгээр сарын эхээр тэтгэвэр олгогдсоны дараа хууль батлагдсан. Тэгэхээр арилжааны банкууд нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн төлбөр, хүүг нь суутгачихсан байгаа. Хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэмэгдүүлсэн тэтгэврийг олго. Дээр нь нэгдүгээр сарын тэтгэврээс зээл, зээлийн хүүнд суутган тооцсон мөнгийг нэмж олгох чиглэл өгсөн. Түүнчлэн хоёрдугаар сарын тэтгэврийг олгохдоо зээл, зээлийн хүүг суутгахгүйгээр олгох үүрэг өгөөд байна. Энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж, захирамж гаргуулна.

ШИНЭ МЭДЭЭ