МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: Дарханы замыг зургаадугаар сарын 10-15-ны хооронд хүлээлгэж өгнө
2020.02.21
Зам, Тээвэр

Б.Энх-Амгалан: Дарханы замыг зургаадугаар сарын 10-15-ны хооронд хүлээлгэж өгнө

Улаанбаатараас Дарханы чиглэлийн 204 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард дуусгаж, хүлээлгэж өгөх ёстой билээ. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.


-Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил хугацаандаа амжиж ашиглалтад орох уу?

-Уг нь, гэрээний хугацаа 2020 оны зургаадугаар сар юм. Бид нэгдүгээр сарын эхээр гүйцэтгэгч компаниудтай уулзаж, гэрээ дүгнэсэн. Дээр нь төлөвлөгөөгөө гаргасан. Төлөвлөгөөгөө ганцхан гүйцэтгэгч аж ахуйн нэгж биш туслан гүйцэтгэгч компаниудаас гадна хяналтын үүргийг гүйцэтгэж байгаа Энэтхэгийн компани нийлж гаргасан. Өдөр, өдрийнхөө төлөвлөгөөг гаргасан юм. Ингээд зургаадугаар сарын 10-15-ны хооронд багтана гэдэг хэд, хэдэн үзүүлэлтийг гаргаж өгсөн. Гурван аж ахуйн нэгж гаргаж өгсөн. Харин хоёр, дөрөв дээр ажиллаж байгаа компани ирээгүй.

-Яагаад тэр вэ?

-Хөл хорио тогтоосонтой холбоотой онцгой нөхцөл байдал үүсчихлээ гэж хэлсэн. Тэдэнтэй цахимаар ярилцана. Ерөөсөө л хоёр шаардлага тавьж байгаа юм. Ирж ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэдэг шаардлагыг л тавьж байна.

-Тэгвэл гэрээгээ цуцалсан тохиолдолд замын ажил удаашрах уу. Яг ямар нөхцөл байдал бий болох вэ?

-Азийн хөгжлийн банк болон Сангийн яамтай хийсэн хэлэлцээр бий. Энэ хэлэлцээрийн хүрээнд нэг л зүйлийг ярьсан. Хэрэв хоёр, дөрөв дээр ажиллаж байгаа компаниуд гэрээгээ цуцлах юм бол нэг, гурав, тав дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд эрхийг нь шилжүүлнэ. Энэ зарчмаар явуулж болно.

-Хэрэв хугацаандаа ашиглалтад хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хариуцлагын асуудлыг хөндөх үү?

-Төлөвлөгөөнийхөө дагуу л хийхийг бодно. Бид хяналт тавьж ажиллаж байна. Хугацаанд нь хүлээлгэж өгөхийг хичээж байна. Гэхдээ коронавирусийн асуудалд яаж үргэлжлэх нь мэдэгдэхгүй байна. Хөл хориог гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгачихлаа шүү дээ. Дээр нь гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд мэргэжлийн инженер, техникчдийг тавьж өг гэдэг саналыг оруулж байгаа. Бид энэ асуудлыг Улсын онцгой комисст тавих болно. Өөр арга байхгүй.

-Азийн хөгжлийн банк санхүүжилтээ зогсоох эрсдэл бий юу?

-Азийн хөгжлийн банк санхүүжилтээ зогсоохгүй гэж хэлсэн. Хоёрдугаарт, Дарханы зам дээрээс авлига аваад идчихсэн юм шиг буруу мэдээлэл яваад байна. Энэ санхүүжилтийн асуудлыг Азийн хөгжлийн банк шууд өөрийнхөө мэдэлд авчихсан. Тиймээс тэр мөнгийг бидэнд захиран зарцуулах, шилжүүлэх эрх байхгүй. Харин дангаараа энэ гэрээг цуцлах юм бол шүүхэд очиж болзошгүй. Иймд Азийн хөгжлийн банктайгаа хамтарч ажиллахаас өөр арга байхгүй.

-Өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн санхүүжилт гараад байна вэ?

-Эхний санхүүжилтээ л хийсэн. Дараа, дараагийн санхүүжилт нь удахгүй гарах ёстой.

-Хоёр, дөрөвдүгээр хэсэг дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авчихсан байсан бил үү?

-Тэр компаниуд эхнийхээ санхүүжилтийг авчихсан. Гэхдээ хоёр хэсэг дээр ажил авчихсан учраас 10 хувийн дэнчин тавьчихсан. Тиймээс Азийн хөгжлийн банк бололцоо байгаа гэж харж байгаа юм билээ.

-Авто замын ажилд оролцож байсан жолооч нар хохирсон, хохирлоо барагдуулна гэж яриад байна. Тэдний хохирлыг барагдуулах боломж бий юу?

-Тэрийг юугаар тооцох юм бэ. Жишээ нь, дугуй нь хагарсан жолоочийн хохирлыг юугаар тооцох вэ гэдэг нь чухал. Энд нэг зүйлийг хэлье. Өвчин зовлон, бүтээн байгуулалтаар улс төр хийж байгаа зүйлийг дэвэргэх хэрэггүй. Хэрэв би ЖДҮ авчихсан байсан бол Зам тээврийн хөгжлийн сайд болохгүй байх байсан. Тэгэхэд надтай ямар ч холбоогүй, танихгүй компанитай холбочихсон байна билээ.

Бүр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Үүнийг би цагдаагийн байгууллагад шалгуулна. Учир нь, онц ноцтой гэмт хэрэгт намайг гүтгэж байна шүү дээ. Дээр нь Дарханы замын мөнгийг идчихсэн болохоор ажил нь зогссон гэдэг худал мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ