"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэхийг дэмжив
2020.04.10
Эдийн засаг, Худалдаа

"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2020.04.10\  хуралдаанаар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн 9 зорилгыг тодорхойлжээ.

Үүнд:

1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл – “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар дархлаатай улс үндэстэн болно”,

2. Хүний хөгжил – “Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”,

3. Амьдралын чанар ба дундаж давхарга – “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”,

4. Эдийн засаг – “ДНБ-ий 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15.000ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна”,

5. Сайн засаглал – “Тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно”,

6. Ногоон хөгжил – “Ногоон хөгжлийг эрхэмлэн байгаль орчны тогтвортой байдлыг хангана”,

7. Амар тайван, аюулгүй нийгэм – “Үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах гадаад дотоод таатай орчин бүрдэнэ”,

8. Бүсчилсэн хөгжил – “Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай улс доторх бүсүүдийг хөгжүүлнэ”,

9. Улаанбаатар ба дагуул хот – “Амьдрах таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй хот болгон хөгжүүлнэ”

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн салбар бүрт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, Н.Оюундарь нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд гишүүдийн олонхи дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТББХ-нд шилжүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ