2020.05.12

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 15 цаг 31 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын байдалд цагдаагийн төв байгууллага хяналт тавих заалтыг өөрчилж, төрийн тусгай хамгаалалт тус сангийн харуул, хамгаалалтын байдалд хяналт тавихаар өөрчилж буй талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав.

Түүнчлэн Галт зэвсгийн тухай хуульд “Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно” хэмээн нэмэлт оруулахаар төсөлд тусгасан байна.

Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ