МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Сэргэлэн: Үндэсний аюулгүй байдлын салбарт ажилласан туршлага маань төрд бага ч гэсэн хэрэг болох байх гэж энэ замыг сонголоо
2020.08.13
Улстөр

Ц.Сэргэлэн: Үндэсний аюулгүй байдлын салбарт ажилласан туршлага маань төрд бага ч гэсэн хэрэг болох байх гэж энэ замыг сонголоо

Эх сурвалж: Үндэсний шуудан               Сэтгүүлч: С.Батзаяа

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Та насаараа хилийн цэргийн байгууллагатай амьдралаа холбосон хүн. Улс төрд орох шалтгаан тань юу байв гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Миний төгссөн сургууль, намтрыг та бүхэн харсан байх. Би НАХЯ-ны харьяа Цэргийн дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дараа нь Цэргийн академи дүүргэсэн. Үндсэндээ хоёр шатны цэргийн сургууль төгссөн гэх үү дээ. Ач буянтай сайн багш нарынхаа хүчинд энэ хоёр сургуулийг өөрийнхөө түвшид сурч, мэдлэг, мэргэжил эзэмшлээ. Би энэ хоёр сургуулиар дамжуулан иргэн хүний аюулгүй байдлаас эхлээд төр улсынхыг хүртэл хангах хүртэл судалж, боловсрол эзэмшсэн гэсэн үг. Сургуулиа төгсөөд би улс орны, тэр дундаа хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлд 30 гаруй жил зүтгэлээ. Хилд би хамгийн бага шатнаас нь эхлээд удирдлагын түвшинд хүртэл ажилласан байна.

Ахмад үеийнхэн, сайн дарга нар, мөр зэрэгцэж ажиллаж байсан олон мянган хилчидийнхээ нөмөр нөөлөг, туршлага, дэмжлэгээр улс орны аюулгүй байдлыг хангах чиглэлд бага ч гэсэн туршлага хуримтлуулсан гэж өөрийгөө боддог. Нас ч 50 гарлаа. Ахмад буурлуудынхаа зөвлөгөө, үеийнхнийхээ санал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлд бодлого боловсруулахад эзэмшсэн мэргэжил, үзэж туулсан замнал, ялангуяа аюулгүй байдлын салбарт ажилласан туршлага маань бага ч гэсэн хэрэг болох болов уу гэж энэ замыг сонголоо. 

-МАН-д та хэзээ элссэн бэ. Сүүлд элсээд хууль тогтоох байгууллагад өрсөлдөх эрхээ авсан юм уу?

-Намайг Цэргийн дээд сургуульд сурч байхад манай улс нам төвтэй байлаа. Тэр үед сурлага сайтай оюутнуудыг намд элсүүлдэг байв. Энэ хүрээнд 1989 онд намын орлогч гишүүнээр элсэж байлаа. Сургуулиа тэр ондоо төгсөөд, хил рүү явж ажилласан. Удалгүй Монголд ардчилал гарч, олон намын системд шилжин, төрийн тусгай албан хаагчид, тэр дундаа цэргийнхэн намын харьяалалгүй болсон. Ингэж явж байгаад, 2020 оны эхээр намын харьяаллаа сэргээж, жинхэнэ гишүүн болсон доо. Түүх яривал, 30 гаруй жилийн өмнө намд бүртгэлтэй явжээ. Үзэл бодлын хувьд би МАН-ыг дэмжиж ирсэн.

-Таныг нэр дэвшинэ гэх яриа улс төрийн хүрээнд төдийлөн гараагүй. Гэнэтхэн л МАН-ын Бага хурал дээр намын дарга тань Дорнодод өрсөлдөхөөр болсон гэж зарласан. Та Дорнодын хүн юм уу. Сонгуульд өрсөлдөхөд танигдаагүй учраас бэрхшээл бишгүй байсан биз?

-Хүнд унасан газар, угаасан ус нэг л заяадаг. Би Дорнод аймгийн Эрээнцавын сангийн аж ахуйд төрсөн. Тэр үед миний аав Эрээнцавын сангийн аж ахуйн орлогч даргаар, ээж маань эмийн санчаар ажиллаж байсан юм билээ. Манай нутгийнхан тоонот гэж ярьдаг. Миний тоонот бол Дорнод нутаг. Цэргийн сургууль төгсөөд анхны томилолт Дорнод аймгийн Мэнэнгийн талд байдаг Бага хүрээгийн заставт Байлдааны бэлтгэл сургуулилалтын орлогч гэсэн албанд хуваарилагдаж байлаа. Энэ застав Матад суманд бий. Матад сум бол миний ээжийн нутаг. Саяхан ээжийнхээ нутагт очоод, ах, дүү, хамаатан садантайгаа уулзаад үр хойчдоо уг удмаа таниулах гэж нэг өдөр сайхан ярьж суулаа. Миний аав бол Хэнтийн Хөвчийн жонон вангийн нутгийн хүн.

Аав Биндэрийн бага сургуулийг төгсөөд, Худалдааны техникумд суралцаж, нягтлан бодох мэргэжил эзэмшээд Хэнтий аймагт нэг жил ажиллаад, дараа нь Дорнод аймагт томилогдон ажиллаж эхэлсэн юм билээ. Энэ бол 1956 он. Тэр үедээ миний ээжтэй танилцаж, гэр бүл болсноор манайх гэдэг айл үүсжээ. Би эхээс долуулаа. Ээжийнхээ нутагт хилийн заставт ажилласан он жилүүдээс миний ажил, амьдрал эхэлсэн. Дараа жил нь манай гэр бүлийн хүн сургуулиа төгсөөд над дээр ирсэн. Бид хилийн заставт гал голомтоо бадрааж байлаа. Дараа жил нь би Бага хүрээгийн заставын даргаар томилогдсон. Ингээд удаагүй байтал Монгол-Орос, БНХАУ гурван улсын хилийн зүүн уулзвар дээр застав байгуулагдсан. Дорнод аймгийн Чулуунхороо сумын нутаг буюу миний төрсөн газарт байгуулагдсан тэр заставын анхны даргаар томилогдсон. Би үүнд их билэгшээдэг.

Хилчин хүний хувьд тэр бүр тохиохгүй хувь заяа.

Үүний дараа олон газар ажилласан. Энэ бол хилийн цэргийн офицер хүний хийх ёстой л ажил байв. Дарга хаашаа томилно тийшээ явдаг байлаа. Нэг удаа ч би даргын тушаал, томилгоон дээр үг хэлж үзээгүй. Бүх томилгоонд “Мэдлээ, гүйцэтгэе” гэж байснаас өөрөөр ямар ч шалтгаан хэлж байсангүй. Хил хамгаалах байгууллагын бага, дунд шатанд ажиллаж байсан он жилүүд Дорнод аймагтай холбогддог. Одоо эргээд харахад, сайхан хувь заяа, би алдаагүй юм байна. Дорнод руу анхны томилолт авч, өөрийн саналаар явж байсан. Тухайн үед надад ажлын санал бишгүй л ирж байв. 

-Цэргийн мэргэжил эзэмшсэнээсээ хойш та 30 гаруй жилд хилийн цэрэгт ажиллажээ. Томилолтоос томилолт гэж явсаар хилчдийн ар гэр орхигдох тохиолдол бишгүй. Таны хувьд асуудлыг яаж шийдэж байв?
-Энэ бол хилчин, офицер хүний амьдралын жам шүү дээ. Нэгэнт л сонгосон. Би сонгосон замдаа хэзээд үнэнч явсан. “Яах гэж энэ мэргэжлийг сонгов” гэх бодол надад хэзээ ч төрж байгаагүй. 

-Гэр бүлийн тань хүнээс гомдлын үг хааяа нэг цухалзаж байгаагүй гэж үү дээ?

-Үгүй. Эхнэр бид хоёр дунд сургуулийн нэг ширээний хоёр. Их сургуулиа надаас нэг жилийн хойно төгссөн. Орос хэлний дээд сургуульд зургаан жил суралцаж төггсөн хүн бий. Манай гэр бүлийн хүн намайг дагаж хил хязгаараар энэ олон жил явахдаа нэг ч удаа гомдоллож байгаагүй. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, бөглүү буйдхан газар ажиллаж амьдарлаа гэсэн үг цухуйлгаж байсангүй. Бид хоёрын хувь заяа ийм л байсан юм байна.

Эхнэр маань хилийн заставт талхчин, үсчин, халуун усны үйлчлэгч хийж байсан. Би Замын-Үүдийн заставын даргаар шилжин томилогдсон юм. Энэ үед манай эхнэрт наймаа хийх боломж гарч ирсэн. Хоёр улсын харилцаа сайжраад, хил нээгдэж, зорчигч тээврийн урсгал сайжирсан үед манай эхнэр төмөр замын агентаар ажилласан. Ажлынхаа зав чөлөөгөөр ганзагын наймаанд явж байв. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл манай эхнэр бизнес хийж байна. Миний ар гэр амьдралыг эхнэр маань авч явж байна даа. 

-Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?

-Байхгүй. Манайх охин, хүү хоёртой. Би хүүхдүүдээ дунд сургууль төгсөх үед “Манай гэрт нэг л цэрэг байя” гэдэг байсан. Хүүхдүүд маань ч өөрсдөө “Аав шиг ийм амьдралаар явахгүй” гэж бодсон байх. Би ч өөрөө хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод нөлөөлөхгүй гэж бодсон. Миний аав, ээж хоёр тийм хүн байлаа. Хүүхдүүдийнхээ хэнд ч “Ийм, тийм мэргэжилтэй хүн болоорой” гэж байгаагүй. Өөрсдөө л мэргэжлээ сонгоод ажиллаж, амьдарцгаасан. Тэглээ гээд алдаагүй. 

-УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа аюулгүй байдлыг хангах чиглэлд ямар бодлого боловсруулж ажиллахаар төлөвлөж байна вэ. Тогоон дотор нь ажиллаж байгаад хууль тогтоох байгууллагад орж ирсэн учраас танд бодлого болгох олон санаа байгаа болов уу?
-Надад итгэл хүлээлгэсэн Дорнод нутгийнхандаа юуны өмнө гүн талархал илэрхийлэх ёстой.

УИХ-ын гишүүний ажлыг би боломж гэж харж байгаа. Зарим хүн эрх мэдлийг өөрөөр хардаг юм шиг байна. Миний хувьд үүнийг улс орныхоо тэр дундаа төрж өссөн нутгийнхаа төлөө ажил хийх боломж гэж харсан. Дээрээс нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг чадвал дэлхийн жишигт нийцсэн, чадахгүй бол хөрш орнуудынхаа энд хүрсэн хүчирхэг төрийн тусгай албад болоосой гэж би боддог. Үүний төлөө зүтгэнэ. Энэ чиглэлээр цаашид ажиллана.

-Тухайлбал?

-УИХ-ын бүтцийн байгууллагууд болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац цахим бодлогын байнгын хороонд би харьяалагдаж байна. Энэ Байнгын хороодын харьяалах байгууллагуудын бодлого боловсруулах чиглэлд түлхүү ажиллана гэсэн үг. Хууль зүй болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ямар бодлого боловсруулдаг вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсронгуй болгох. Одоо ийм бодлого, хууль, үзэл баримтлал бий. Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Батлан хамгаалах гээд маш олон бодлогын баримт бичиг бий. Энэ баримт бичгүүд цаг хугацааны эрхээр байнга шинэчлэгдэж, орчин үетэйгээ зохицох ёстой.

Нийгмийн шаардлагад нийцүүлж эдгээрийг боловсронгуй болгож байх ёстой учир энэ чиглэлд анхаарч ажиллана. Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангахад бодлогыг, энэ чиглэлийн төрийн тусгай албадын үйл ажиллагааг улам боловсронгуй болгохын төлөө зүтгэе гэж бодож байна. Мөн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллага гэдэг хуулиар тодорхой байгаа. Энэ байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд чадавхийг нь нэмэгдүүлэхэд анхаарна. Би өөрөө төрийн цэрэг хүн. Хошууч, генерал цолтой. Тиймээс хүссэн, хүсээгүй энэ салбартай холбогдоно. Үүн дээр нэмээд, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллана.

-Иргэд сонгогчидтой уулзаад явж байхад тулгамдсан ямар асуудал байх юм?

-Байлгүй яах вэ. Анхдугаар чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо нэлээд хэд хоног ажиллаж, айлуудаар орлоо. Сонгуулийн сурталчилгааны үед өөрөө л яриад явдаг болохоор иргэдийн үгийг сонсож, санал бодлыг нь эмхэлж авах хугацаа бага байдаг юм байна. Тийм учраас би наадам өнгөрөөгөөд тойрог руугаа явсан. Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдийн тавьж байсан санал санаачилгуудыг ажил хэрэг болгохоор эхлүүлсэн. Дорнод бол хилийн аймаг. Хоёр улстай зах нийлэн хиллэдэг хоёр аймгийн нэг. Маш олон хилийн боомттой. Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүдийг маш сайн дэмжиж байна. Монгол Улсын эдийн засаг, хөгжилд оруулах хувь нэмэр тэр дундаа зүүн бүсийн хөгжилд түлхэц өгөх ажил бол далайд гарах гарц.

Дорнод аймгийн Сүмбэрийн боомт БНХАУ-ын далайн хамгийн ойр боомт болох Далиантай 1248 км. Монгол Улс далайд гарах хамгийн дөт зам бол энэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт Сүмбэрийн боомтыг Чойбалсан хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор тусгасан. Дорнод аймаг Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр гэсэн хилийн боомттой. Энэ боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбохоор тусгасан асуудалд “Анхаарч ажиллаарай” гэж иргэд хэлж байна. Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын ажлууд хийхийг иргэд хүслээ. Дээрээс нь Халх голын сав нутаг тэр чигээрээ түүхэн дурсгалт газар. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Бурхантын хөндий гэж газар бий. Энд соёлын өвүүд байдаг. Маш олон хөшөө дурсгал, музей бий. Үүнийг төрийн хамгаалалтад авах талаар би Соёлын сайдтай ярьж байна.

-Соёлын яам нааштай хариу өгсөн үү?

-Би Соёлын яам байгуулагдсанд үнэхээр талархалтай байгаа. Монгол Улсын түүх соёл, ард түмний үнэт зүйл, нүүдлийн соёл иргэншил, өв соёл, түүхийг төрийн бодлогоор дэлгэрүүлэх, хамгаалах, баяжуулах, Монголыг Монголоор нь байлгах томоохон бодлого гэж би харж байна. Монгол Улсын оршин тогтнохын бас нэг үндэс. Сая миний дурддаг түүхэн дурсгалт газрыг Соёлын яамны мэдэлд авахуулах талаар иргэд саналаа хэлсэн. Үүнийг ажил хэрэг болгохоор Соёлын сайдтай хамтарч ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ