МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
2022.10.26
Хууль, эрх зүй

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.26) хуралдаан 10 цаг 47 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийнхөө талаар танилцууллаа.

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтаар дэмжин хөгжүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкыг байгуулсан. Энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байгаа талаар төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт бий болгож, тэдгээрийг эргээд өөрсдөө, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулан хувааж авч байгаа маш ноцтой ашиг сонирхлын зөрчил гэлээ.

Энэ нь иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн урдуур орж завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан гэж төсөл санаачлагч үзжээ.

Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авах, эсхүл төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтанд хамрагдах зэрэг асуудлыг хориглож, үүнийг нийтийн албан тушаалаас чөлөөлөгдснөөс хойш хоёр жилийн хугацаанд мөн дагаж мөрдөх асуудлыг тодорхой зохицуулахаар төслийг боловсруулжээ.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авав. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч нь багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх эрхтэй, бусад төрлийн ажил, албан тушаал, үйл ажиллагааг давхар эрхлэх хориотой байдгийг гишүүд тэмдэглэж, ийм хууль байсаар байхад давхардуулан хязгаарлалтуудыг хуульчлах нь олон сөрөг үр дагавартай, тэр дундаа төрийн алба хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй гэлээ.

Үүн дээр төсөл санаачлагч үүн дээр ямар байр суурьтай байгааг тодруулсан. Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгаанд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан бөгөөд “хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан”-д төслийн зохицуулалт хамаарна хэмээн Ш.Адьшаа гишүүн тайлбарлав. Түүнчлэн нийтийн албан тушаалаас чөлөөлөгдснөөс хойш хоёр жилийн хугацаанд дээрх үүргийг хүлээлгэх төслийн заалтын талаар лавлахад “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авахыг хориглоно гэж заасан” гэж Ш.Адьшаа гишүүн хариулт өгөв.

Түүнчлэн зээл хэлбэрээр авлигал авдаг гэх хардалт байгаа тул үүнийг таслан зогсоохоор төслийг боловсруулсан бөгөөд зээл хэлбэрээр авлигал өгч байгаа талаарх мэдээллийг өгсөн этгээдэд нийт мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх урамшуулал олгох заалтыг төсөлд тусгасан гэлээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдгийг Б.Дэлгэрсайхан гишүүн цохоод, хуулийн төслийн үзэл баримтлал үүнтэй зөрчилдөж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Хуулийн төслийг боловсруулах үндэслэл, үзэл баримтлал нь зөв хэдий ч улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааг хязгаарлахын тулд нийт төрийн албан хаагчдыг хамруулан хуулийн хязгаарлалт хийх нь зохисгүй гэж үзэж байгаагаа Д.Цогтбаатар гишүүн хэллээ. Э.Бат-Амгалан гишүүн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч төсөл дэх зохицуулалтыг оновчтой болгох саналыг гаргаж байв. Төрийн албан тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад хэлэлцэж буй төсөл дэх зохицуулалтууд бий бөгөөд хуулиудын хэрэгжилтийг хангах шаардлагатай хэмээн Б.Энх-Амгалан гишүүн хэлсэн.

Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах, бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусган, төслийн эцэслэн батлах хувилбарыг бэлтгэсэн байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдахаар тусгасан бөгөөд уг сургалтад одоо барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй байх асуудлыг зохицуулж өгөх нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, төрөөс анхдагч хууль гарган тус харилцааг зохицуулж байгаатай холбогдуулан нэгэнт бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын удирдлага, менежерийг 1 жилийн дотор сургалтад үнэ төлбөргүй хамруулах шаардлагатай гэж үзсэн байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 2 зүйлтэй хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын гүйцэтгэх удирдлага, менежер нь уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад үнэ төлбөргүй хамрагдах юм байна. Төслийн хоёрдугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг тусгажээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасныг үндэслэн горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олон энэ горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг гишүүн ахлан ажиллах болов. Түүнчлэн Б.Энх-Амгалан гишүүний гаргасан саналын дагуу дээрх төслүүдэд эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн

ШИНЭ МЭДЭЭ