МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.20
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 11 цаг 05 минутад 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төслийн санаачлагчаас асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

“Цахим шилжилтийн үед хэд хэдэн анхаарах шаардлагатай зүйл байна. Энэ бол иргэний болон улс орны аюулгүй байдалтай холбоотой. Өргөн утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш чухал асуудал.

  1. Эрх зүйн орчин, хүний нөөц, кибер аюулгүй байдлын асуудлыг иж бүрнээр нь шийдэж явахгүй бол эрсдэлд орно. Учир нь амьдрал дээр одоо байгаа хэрэгжиж буй төслүүдэд эрсдэл бодитой үүсээд байна. Жишээ нь, Монгол Улсын хилээр нэвтэрч буй зорчигчийн бүртгэлийн нэгдсэн систем бий. Төрийн тусгай албад хоорондоо холбогдсон. Энэ өнгөрсөн 2019 оны хувьд 6000 удаа кибер халдлагад өртлөө. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Тиймээс кибер аюулгүй байдлыг анхаарч үзэх ёстой. Үүний тулд олон асуудлыг, ялангуяа хүний нөөцийн бодлогод анхаарах хэрэгтэй байна.
  2. Цахим шилжилтийн үед бидний зайлшгүй хийх нэг зүйл бий. Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаад иргэдийг дахин давтагдахгүй өгөгдөл буюу биометрийн өгөгдлөөр нь шалгадаг болох хэрэгтэй. Дэлхий дээр манай улсаас өөр ийм бүдүүлэг шалгалт, бүртгэл хийдэг орон үлдээгүй. Та бүхэн ч мэднэ. АНУ гэхэд хүнийг бүтэн биеийг нь скайнерддаг болсон. Гэтэл бид хурууны хээгээр ч бүртгэх систем нэвтрүүлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдал үүснэ. Одоо гадны иргэд орж ирээд цахим луйвар хийж байна.
  3. Төрийн тусгай байгууллагуудын программ хангамжийг төрийн мэдэлд авмаар байна. Одоо хараат байгаа. Хөгжүүлэлт байдаггүй. Хийе гэхээр программ зохиосон ганц нэг өндөр мэргэжлийн залуучууд, ААН-ийн мэдэлд орсон. Заавал гэрээ хийж, урсгал төсвөөсөө мөнгө төлж хөгжүүлэлт хийдэг. Энэ Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
  4. Кибер аюулгүй байдлыг хангах томоохон арга хэмжээ авахгүй бол бусдыг нь хийгээд байдаг ч эцэстээ үүн дээрээ алдах вий л гэж хэлэх гээд байна. Тиймээс иж бүрнээр нь хийх тал дээр манай байнгын хороо, мэргэжлийн байгууллага, албан тушаалтан нь онцгой анхаараарай. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд Н.Учрал дарга бид ч ярилцаж байсан. Монгол Улсын хилээр зорчиж буй гадаадын иргэнийг биометрийн өгөгдлөөр нэвтрүүлэх энэ асуудлыг нэн яаралтай хийх хэрэгтэй. Ойрын жишээ хэлбэл БНХАУ-ын олон иргэн орж ирээд хаваржин бөөн юм болсон. Аль буудалд байгаа, хэн оруулж ирсэн, хэн болох нь мэдэгдэхгүй байсан. Ганц хилээр орж ирсэн бүртгэл нь л байсан. Тиймээс энэ ажлыг хийхийн төлөө хамтдаа зүтгье.”

Түүний асуултад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ