2020.08.21
Эдийн засаг, Худалдаа
Б.Энх-Амгалан: Элэг бүтэн монгол хөтөлбөр ирэх жилүүдэд үргэлжлэх үү?
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” гэсэн том хөтөлбөр явж байсан. Үүний үр дүнд элэгний хатууралтай хүний эмчилгээ 60 гаруй мянган хүнд хүрсэн. Нас баралт ч буурсан. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Ялангуяа баруун бүс Говь-Алтай аймаг энэ өвчнөөр улсад дээгүүр ордог. Энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх үү?
Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосон бэлтгэл хэр хийгдэж байна вэ? Цөм хөтөлбөр Монголд тохирохгүй байна гэж эцэг эхчүүд хэлж байсан. Монгол хүн монгол хүн болох хөтөлбөрөөр явах ёстой. Хэл дагаж сэтгэлгээ яваад байна. Энэ талаар тайлбар өгнө үү?”
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, БШУ-ын дэд сайд Г.Ганбаяр нар хариуллаа.