2020.08.24
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 11 цаг 10 минутад 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
“"Цахим монгол" хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаа. Маш том систем бүрдэнэ. Өөрийн гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Системийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь кибер аюулгүй байдал. Үүний тулд бүтэн тогтолцоог бий болгох шаардлагатай. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, Үндсэн чиглэлд ч кибер аюулгүй байдлын тогтолцоо бүрдүүлнэ гэж тусгасан байна. Маш сайн. Хамгаалалтын тухай бид ярих шаардлагатай. Хамгаалалт гэдэг нь өөртөө аюул заналхийлэл гэдэг утгыг давхар агуулж байдаг. Дэлхий дээр үүнтэй холбоотой маш том эрсдэл бий болсон. Эстони, Гүрж зэрэг улсыг хэлж болно.
Эстонид гэхэд дэлхийн II дайнд амь үрэгдсэн ОХУ-ын цэргийн хөшөө, дурсгалыг сүйтгэсний төлөө хаанаас үл мэдэх халдага болсон. Эстони улсын банк санхүү, төр, төрийн тусгай албад, зэвсэглэлийн бүх удирдлагын систем ажиллагаагүй болсон. Гүржид ч ийм зүйл болсон. Кибер аюулгүй байдал маш өндөр зэрэглэлтэй болсон. Зэвсэг барих биш системд нь нөлөөлдөг болсон. Тиймээс кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх тал дээр онцгойлон анхаарах шаардлагатай.
Одоо Монгол Улсад Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар энэ чиглэлийн нэгж байдаг. Өнгөрсөн парламентын баталсан хуульд кибер аюулгүй байдлын нэгжийг Батлан хамгаалах яаманд байгуулах тухай заасан. Монгол Улсын хэмжээнд нэгдсэн кибер аюулгүй байдлыг хамгаалах тусгай, мэргэжлийн алба байгуулах ёстой гэсэн санал оруулж байна. Кибер аюулгүй байдал гэдэг бол программ хангамж, техник хангамжаасаа тусдаа асуудал. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг тусгайлан бэлтгэдэг. Хэн ажиллаж байгаа нь ч мэдэгддэггүй. Тиймээс маш хүчтэй хамгаалалтыг бий болгох шаардлагатай гэсэн санал хэлж байна.”