МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Энх-Амгалан: Үндэсний өв болсон түүх соёлын дурсгалт зүйлсээ гадагшаа алдаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

Үндсэн чиглэлд Монголын өв соёлыг хамгаалах биет болон биет бус өвийг хэрхэн хамгаалах вэ. Бий биелгээ, хөөмий, уртын дуу, домог, хууч яриаг мэддэг, чаддаг хүмүүс нь Өвөрмонголд очоод хичээл зааж байна. Олон улсын тэмцээн, уралдаанд Өвөрмонголын нэрийн өмнөөс оролцдог ийм асуудал бий. Энэ чиглэлд юу хийх юм бэ? Үндэсний өв болсон түүх соёлын дурсгалт зүйлсээ гадагшаа алдаж байна. Музейн гол үзмэрүүдээ гадагш гаргаад алдчихсан тохиолдол бий. Энэ тал дээр юу анхаарах юм бэ?

Сургалтын хичээлийн хөтөлбөрт үндэсний өв соёл, зан заншил, түүх, уран зохиол, яруу найраг, хэлц үг зэрэг монгол хүн болох үндсэн суурь нь яаж тусгагдсан юм бэ? Монгол хүүхэд эхлээд монгол хүн болох ёстой. Шууд англи хэл заадаг сургуулиуд их байна. Монгол ахуйгаа мэдэж, сурч байж монгол хүн болно. Хэл дагаж сэтгэлгээ бий болдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед Кембрижийн боловсролын талаар ярих боллоо, төлбөр нь өндөр байхад бүх шатанд яаж Кембрижийн боловсрол олгох юм бэ?

СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:

-Соёлын яам байгуулагдсаны гол шалтгаан нь соёл урлагийг хөгжүүлэхээс гадна соёлын өвийг судлах, бүртгэх, сурталчлах, хамгаалах чиглэлд Соёлын өвийн газрыг байгуулсан. Энэ газар биет болон биет бус, хөдлөх, үл хөдлөх, баримтат өв зэрэг чиглэл тус бүрээр нь мэргэжилтнүүд хариуцна. Монголын биет бус соёлын өв Өвөрмонгол зэрэг гадагшаа урссан нь үнэн. Хэдэн төгрөгөөс болоод манайхан соёлын өвөө зааж өгдөг. Эргээд Өвөрмонголчуудаас суралцах хэмжээнд хүртэл зааж өгсөн байдаг. Нөгөө талаар биет болон биет бус өвийг хамгаалахад бүрэн бүртгэл хийж, олон нийтийн болон төрийн байгууллагуудын бүрэн хяналтад байлгах ёстой. Монгол Улсын газар нутагт одоогоор бүртгэгдсэн археологийн 100 мянга гаруй дурсгал хадгалагдаж байна. Үүний 50 хувьд нь бүрэн судалгаа хийж, бүртгэгдсэн.

Цаашдаа бид цахим соёлын өв гэдэг дата бааз байгуулна. Бид өөрсдөө боломжтой болчихвол гадагшаа өв соёлоо алдахгүй. 1990 оноос хойш гадагшаа олон дурсгал гарсан. Үндэсний музей гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн дурсгалаа алдсан. Хулгайлсан хүн нь хариуцлага хүлээдэггүй, шагнал аваад явж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд бүрэн тооллого хийсэн. 800 гаруй дурсгалд адармаатай хариу гарсан. Гадагшаа археологийн дурсгалыг судлуулахаар явуулдаг ч буцаж ирээгүй дурсгал байхгүй. Өөрийн гэсэн шинжилгээний газаргүй учраас гадагш явуулахаас өөр аргагүй.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН:

Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн сургалтын агуулгад монгол хүүхдийн хүмүүжил, төлөвшилтэй холбоотой хичээлүүд тухайн нас бүрт нь тааруулж оруулсан байдаг. Тухайлбал, бага ангийн хичээлийн агуулгад хүн орчин, хүн нийгэм, хүн байгаль хичээлүүд ордог. Мөн иргэний эрхзүйн боловсрол шинээр орсон.

Энэ хичээлийн жилээс эхлэн 1-11 хүртэлх ангийн бүх хүүхдэд монгол хэл, уран зохиол, математикийн хичээлүүдийг заавал танхимаар заана. Кембрижийн хөтөлбөрийг 21 сургууль нэвтрүүлсэн, 18 нь хувийн, гурав нь улсын сургууль. Цаашид үе шаттайгаар нэмэгдүүлнэ. ЕБС-ын чанарыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хүргэх зорилт тавьж байна.

ШИНЭ МЭДЭЭ