Х.Нямбаатар: 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгана
2020.09.02
Улстөр

Х.Нямбаатар: 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгана

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрх зүйн шинэтгэл -2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ олон нийтэд танилцуулсан.

Үүний хүрээнд энэ намрын чуулганаар гэхэд 18 хуулийн төсөл өргөн барихаар бэлджээ. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд судлаачдын хамгийн их анхаарал татаж буй өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хийгдэх Шүүхийн тухай багц хуулийн шинэчлэл юм. Шүүхийг улстөрчдөөс тэр дундаа Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс хараат бус болгох өөрчлөлтийг Х.Нямбаатар хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Мөн бизнесийн орчныг дэмжих зорилгоор Компанийн тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулах төлөвлөгөөгөө тэрбээр танилцуулсан.

Эдгээр асуудлаар болон нийгэмд маргаан дагуулдаг бусад хууль, хуулийн хэрэгжилтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцсанаа хүргэж байна.

Шүүх нэг хүний дохио зангаагаар хөдөлдөг байж болохгүй

- “Эрх зүйн шинэтгэл- 2” танилцуулгад дурдсанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар хөндсөн. Одоогийн Ерөнхий сайд, өмнөх засгийн газар захиргааны хэргийн шүүхийг хүчгүйдүүлсэн гэж ойлгож байгаа. Тэгвэл энэ асуудлаа эргэн харна гэж ойлголоо. Энэ тухай тодруулахгүй юу?

- Бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь улс төрийн шийдвэрээс бусад шинжтэй шийдвэрийг хянана гэж оруулсан. Гэтэл өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэхээ больчихоод байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр улс төрийн бус болон улс төрийн шийдвэр гэж юуг хэлэх вэ гэдэг дээр зааг гардаггүй. Тиймээс үүнийг эргэж залруулах ёстой. Захиргааны хэргийн шүүх гэдэг нь төр, иргэн хоёрыг тэнцвэржүүлж байгаа хамгийн гол механизм. Засгийн газрын шийдвэрийг иргэд хянах ёстой, засгийн газрын шийдвэрт хохирсон иргэн, хуулийн этгээд шүүхэд гомдлоо гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах ёстой. Бид энэ олсон ололтоосоо ухарч болохгүй.

-Тухайн үед ингэж өөрчлөлт оруулж байхад та ямар байр суурьтай байсан юм бэ?

-Томьёоллыг нь Хууль зүйн байнгын хорооноос гаргаж байсан. Нэлээд бөөрөнхий заалт оруулж ирсэн учир хуульд хэрэглэгдэхгүй болчихоод байна. Гол шийдэл нь Засгийн газрын хамтын шийдвэрийг ганц шүүгч алх цохиод шийдэх нь зөв үү, буруу юу гэдэгт л асуудал байгаа юм. Үүнтэй холбоотой кэйсүүд бий. Хөшигийн хөндийн газрын захирамжтай холбоотой асуудлаар Засгийн газрын эсрэг шийдвэрийг Захиргааны хэргийн шүүгч нар шийдээд байсан. Энэ нь цаашдаа Монгол Улсын нийтлэг эрх ашиг, мега төслүүд хэрэгжих боломж байна уу гэдгээс шалтгаалж дээрх өөрчлөлт рүү орж байсныг хэлэх хэрэгтэй.

Одоо асуудлыг ганц шүүгч биш Дээд шүүхийн таван шүүгч давж заалдах шатны шүүхийн журмаар шийдээд явах хувилбар боловсруулж байна. Ингэхдээ Үндсэн хууль болон олон улсын бусад конвенцуудад тусгаснаар давахын журмаар шийдсэн ч дахин давж заалдах эрхийг нь мөн хангах асуудлыг судалж үзэж байна.

- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиудаас хамгийн чухал нь Шүүхийн тухай багц хууль. Та шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх тал дээр, тэр тусмаа Ерөнхийлөгчөөс хараат бус болгохоо эрх зүйн шинэтгэлийнхээ хүрээнд хийхээ мэдэгдсэн. Таны хувьд өмнө нь шударга бусын хонгилыг нураана, тэрбумын хадгаламжтай шүүгч хүртэл байна гэж энэ салбарын нэр хүндэд хамгийн их нөлөөлсөн хүний нэг. Одоо шүүхийг хэрхэн хараат бус болгох вэ?

-Шүүх шударга бус бол өөр хэнээс ч шударга ёс нэхээд хэрэггүй гэдэг. Өнгөрсөн жилүүдэд урт нэртэй хуультай холбоотой компаниудын газрын лицензийг сэргээсэн 20 орчим шүүгч, үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн тухай ч ярьсан. Миний ярьж байсан зүйлс нотлогдож, тогтоогдсон. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хэд хэдэн шүүгч ял авлаа.

1990 оноос хойш 30 жилийн хугацаанд Монголын шүүх нэг ч удаа шүүгчээ яллаж байгаагүй, тэр байтугай таслан сэргийлэх арга хэмжээ ч авч байгаагүй. Тэгвэл бидний үлээсэн шүгэл тодорхой хэмжээнд байгаа оносон. Үүнтэй холбоотойгоор олон хүнээс талархлын захидал авч байна. Өөрөөр хэлбэл, шүүхийг шинэчлэх ажил хий хоосон зүйл байгаагүй гэдгийг нэгдүгээрт хэлчихье.

Хоёрдугаарт, бидний гудамжинд тэмцсэн жагсаал цуглааны үр дүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эцсийн үр дүн Шүүхийн тухай хууль байх ёстой. Үндсэн хуульд гурван зүйл заалт шүүх эрх мэдлийн бүлэгт оруулсан. Шинэ зүйл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анх удаа Үндсэн хуульд зааж өгсөн.

Шүүх эрх мэдэл бүрдэх анхдагч байгууллагыг жинхэнэ утгаараа улстөрчдөөс ангид бүрдүүлж чадаж байж шүүх хараат бус болох уг үндэс бүрдэнэ. Пост коммунист болон хойд Европын орнуудын загваруудаас бид хойд Европыг нь барьж байгаа. Тодруулбал, таван гишүүн нь нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар УИХ-аас хараат бус байдлаар, тав нь шүүгчдийн дундаас сонгогдоно. Энэ 10 хүний 75 хувиас илүү санал авсан хүн шүүгч болох ёстой. Дараагийн нэг зүйл бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, хариуцлага тооцдог байгууллага болох Шүүгчийн сахилгын хороо мөн адил дээр дурдсан бүтэц бүрэлдэхүүнээр нэг бүрэн эрхийн хугацаатай томилогдоно.

Өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа явдлыг нэн даруй таслан зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн хувьд ҮАБЗ-өөс шууд хараат ажиллах нөхцөл бүрдчихсэн байгаа.

-Шүүгчдийн нөхцөл байдал үндсэндээ Ерөнхийлөгчөөс шууд хамааралтай байна гэж хүмүүс таамаглаж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч 2021 оны сонгуулиас өмнө энэ эрх мэдлээсээ салах сонирхол байх болов уу. Улс төрийн орчны бэрхшээлийг хэрхэн давах вэ?

-Ерөнхийлөгч бол тусдаа институт. Парламент бол тусдаа. Энэ бол бидний эрх мэдлийн хуваарилалтын давуу тал юм. МАН 2020 оны сонгуульд шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангахын төлөө ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээндээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт асуудлаа тусгаад УИХ-аар батлуулсан. Тиймээс нэгдүгээрт, МАН-аас сонгогдсон гишүүд УИХ-ын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа. Бүлгийн хүрээнд намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа зарчмын хувьд тохирсон. Намрын чуулганаар Шүүхийн багц хууль батлагдана гэсэн хүлээлт байна.

2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед хийгдсэн шүүхийн шинэчлэл байгаа оноогүй. Үр дагавар нь одоо гарч байна. Олон шүүгчийн асуудал яригдсан нь энэ салбарт цочроо өгсөн. Шүүх эргээд цэвэрших шат руугаа явж байна.

Дахиад хэлье. Парламентад 62 хүний суудалтай МАН өөрийн бодлогоо хэрэгжүүлэх байхаа гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн өргөн бариад хэлэлцэх нь дэмжигдээгүй Шүүхийн тухай хууль нь Хуульчдын холбоотой хамтран боловсруулсан төсөл байсан. Өөрөөр хэлбэл, таны ярьж байгаа шинэчлэлд салбарын дэмжлэг хэр байгаа вэ?

- Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарчихсан байгаа. Хуульчдын холбоо голлож ажилласныг сонссон. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс авах олон чухал санаа бий. Энэ есдүгээр сард буюу чуулганы завсарлагааны үеэр Хууль зүйн байнгын хороотой хамтарч вакумжиж, шүүхийн тухай хуулиуд дээр ажиллана. Бид Ерөнхийлөгчийн өргөсөн хуулиас зөв зүйтэй саналуудыг төсөлдөө тусгах ажлыг хийнэ. Хоёрдугаарт, Монголын шүүх бичмэл хуулиа түлхүү барьж явах уу, урьд нь гаргасан шийдвэрүүдээ түлхүү хэрэглэдэг жишиг рүү явах юм уу, эдгээрийг аль түвшинд хэрэглэж явах вэ, шүүхийн хэрэг маргааны харьяалал ямар байх вэ гэдэг зүйлүүд дээрээ сууж ажиллана. Дээр нь, хэн нэг хүний дохио зангаагаар хөдөлдөг шүүх байгаа цагт ёстой жинхэнэ шударга бусын хонгил болно. Тэгэхээр энэ бүх асуудлыг бид шийднэ.

“Эрх зүйн шинэтгэл 2” ирэх 30 жилийн эрх зүйн шинэтгэлийг үндсэндээ томьёолсон баримт бичиг байхаар ажиллаж байна

-“Эрх зүйн шинэтгэл 2”-ын хүрээнд хувийн өмч, бизнесийн орчныг сайжруулахын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт хийнэ гэж та мэдэгдсэн. Үүний хүрээнд Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн. Яг ямар өөрчлөлтүүд оруулах талаар тодруулахгүй юу?

- Эрх зүйн шинэтгэл гэсэн бодлогын баримт бичгийг 1998 онд УИХ-аас гаргасан. Энэ баримт бичгийн хүрээнд хийгдсэн ажлуудад харамсалтай нь дүгнэлт хийгдээгүй. 22 жилийн хугацаанд хийгдсэн ажлууд маань аль түвшинд хүрсэн, цаашид юу нь дутуу байгаа вэ гэдэг дүгнэлт хийгдээгүй. Тэгэхээр энэ дүгнэлтийг бид хийнэ. 1998 оны шинэтгэлийн хүрээнд 2002 оноос томоохон давалгаанууд эхэлсэн. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хууль гээд давалгаанууд эхэлсэн. Нэгдүгээр давалгаа 2010 он хүртэл үргэлжилсэн байдаг. Дараа нь 2012 онд бүрэлдсэн парламент эрүүгийн хууль тогтоомж, захиргааны хэргийн хууль тогтоомжуудад дараагийн давлагаа болгож өөрчлөлтүүдийг хийсэн. Энэ хүрээнд орхигдсон салбар бол хувийн эрх зүйн салбар. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүй, бизнесийн эрх зүйн салбарт шинэчлэл хийгдээгүй байна. Иргэний хуульд гэхэд үндсэндээ 18 жил гар хүрээгүй явж байна. Тэгэхээр бидний “Эрх зүйн шинэтгэл 2” маань "Алсын хараа 2050"-д тулгуурласан ирэх 30 жилийн эрх зүйн шинэтгэлийг үндсэндээ томьёолсон баримт бичиг байхаар ажиллаж байна.

Бид юмыг их ойрхон харж сэтгээд байх шиг байна. 1970, 80 онд ч өмчийн эсрэг тэмцэж байсан. Одоо ч энэ хэвээрээ байна. Дэлхийн бусад улс орон сансрын орон зайг эзэмших эрх зүйн зохицуулалт, тэнд ашигт малтмал олборлох тухай, хиймэл оюун ухааны тухай зохицуулалт хийж байна. Бид ч мөн ирэх 30 жилийн бодлогын чиг баримжаагаа гаргах ёстой.

-Таныг ингээд ярихаар их сонирхолтой санагдаад байгаа юм. Одоогийн Ерөнхий сайд, өмнөх засгийн газрын бодлого хэт тэлсэн бизнесийн харилцааг хумих чиглэлд ажиллаж байсан нь ажиглагдаж байсан. Та болохоор B2B (Бизнесээс бизнест) харилцааг дэмжинэ гэж хэлсэн.

-Бидний тавьсан гол уриа бол эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлье л гэж байгаа.

Бид өнөөдөр мэдээллийн эрин зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалын үед амьдарч байна. Тиймээс инновацын ололт амжилтыг эдийн засаг, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг бүгд зорьж байна. Цахим шилжилтийг бид Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагад шилжүүлье гэж байгаа юм. Эндээс бүх ажил эхэлнэ. Жишээ нь, Прокурор дээр өнөөдөр зөрчил шалгах 11 мянган байцаагч бүгдээрээ очиж зөвхөн зөрчлийн хэргийн дугаар авах гэж очёрлодог байгаа юм. Гэтэл хариуцсан прокурорын тоо нь 100 хүрэхгүй. Өнөөдөр бид цахим шилжилт рүү явъя л гэж байгаа бол энэ харилцааг цахим болгох хэрэгтэй. Зөвхөн дугаар авах гэж л бөөн очёр болж байна. Араас нь асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэсэн гэдгээ тайлагнах гэж бас баахан ажил болдог. Энэ процессыг цахимжуулна.

Зөрчлийн тухай хуулийг бичилцсэн нэг хүн нь би өөрөө. Гэхдээ тус хуулийн хэрэгжилтэд цахим систем нэвтрүүлэх тухай протоколд үлдсэн бий. Энэ ажил нь л хийгдээгүй гэсэн үг.

-Дээрх ажил хийгдээгүй гэж байна. Та бүхэнд бүх эрх мэдэл байсан шүү дээ. Өмнөх сайд тань ажил хийгээгүй гэсэн үг үү?

- Ажлаа өгсөн хүний араас юм яриад яах вэ. Миний хувьд хууль тогтоогчийн үүднээс асуудалд хандаж байсан. Одоо бол гүйцэтгэх засаглалын хүрээнд батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна гэсэн үг.

-Компанийн тухай хуульд яг ямар өөрчлөлт оруулах вэ. Одоогийн хуулийг нээлттэй компанид илүү тохирсон хууль гэдэг юм билээ. Зарим улсын туршлагаар жишээ нь, Чили гэхэд нээлттэй, хаалттай компанид зориулсан тусдаа хуультай гэж судлаачид хэлж байв. Одоо та бүхний хийх гэж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?

-Таны хэлж байгаа зөв. 1999 оны Компанийн тухай хууль нь нээлттэй компанид түлхүү зориулсан. Одоо бол хаалттай компаниуд нь өөрсдийн зохиосон дүрмийн хүрээнд илүү чөлөөтэй хөрвөж ажиллах орчныг бүрдүүлэхээр судалж байна. Тухайлбал, хаалттай компаниудын өв залгамжлалтай холбоотой асуудалд эрх зүйн зохицуулалт бий болгохгүй бол олон сөрөг үр дагавар гарч ирнэ. Дэлхий нийтэд ч ийм туршлага бий. Хүн бүрийн мэддэг Gucci брэндийн өв залгамжлалын маргаан гэхэд 30, 40 жил үргэлжилсэн байх жишээтэй. Цаашид бид бүгдийг модон байдлаар зохицуулах боломжгүй. Жишээ нь, өв залгамжлалын асуудлыг гэхэд компани дүрмийнхээ хүрээнд шийдэх боломжийг нээж өгөх ёстой. Монголд сүүийн 30 жилд бий болсон гэр бүлийн компаниуд энэ асуудлыг мөн дайрна л гэж бодож байна. Гэр бүлийн компаниудын хоёр, гуравдугаар үеийн өв залгамжлалын маргаанууд удахгүй гарч эхэлнэ. Тиймээс ч хаалттай компанийн хуулийг илүү уян хатан болгохын тулд хуулийг нь салгах төлөвлөгөөтэй байна.

Үүнтэй зэрэгцээ төрийн болон төрийн өмчит компаниудын эрхлэх цар хүрээг хязгаарлана. Компанийн зохицуулалт бүхий гурван хуулийн төсөл бэлдчихээд байна.

Энэ намрын чуулганаар гэхэд нийт 18 хууль хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаа. Цаашдаа 60, 70 хуулийн төсөл хийхээр төлөвлөсөн.

-Төрийн өмчийн компаниудыг хувьчлал руу шахахын тулд хуульд нь өөрчлөлт оруулж байна гэж ойлгосон.

- Тийм. Монголд өнөөдөр хамгийн том компаниудад нь төрийн 100 хувь болон төрийн оролцоотой компаниуд болоод гараад ирлээ. Тиймээс эдгээр компанийг нээлттэй болгох чиглэлд ажиллана. Дотоодын хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, нийтэд хувьцааг арилжаалдаг болох хэрэгтэй.

-Энэ талаар бид их олон жил ярьсан. Хугацааны хувьд яг ямар зорилт, төлөвлөгөө тавьж ажиллаж байна вэ?

-Ирэх хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өөрчлөх төслөө оруулна.

-Хэдийгээр Ерөнхий сайдын шууд хамаарах асуудал ч танайтай холбогдож ажиллах байгууллага учир асууя. Тагнуул, цагдаагийн байгууллагуудын удирдлагыг солилоо. Мөн эдгээр байгууллагын удирдлагатай холбоотой таарамжгүй асуудлууд болон хоорондын үл ойлголцлын асуудал нийгэмд яригддаг. Бие биедээ гүйцэтгэх ажиллагаа хийх гэх мэт.

- Ийм асуудал бий. Үе үеийн тагнуулын байгууллагын удирдлага үндэсний аюулгүй байдлын чиг үүргийн хүрээнд ажиллахаасаа илүүтэй улстөрчдийг тагнаж чагнах чиглэлээр ажилласан асуудал байдаг. Илэрсэн зүйл ч бий.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны даргаар 48 жил ажилласан Жон Эдгар Хүүверийн хоёр боть номд бичсэнээр тэр хүний хийсэн гол ажил АНУ-ын улстөрчдийг тагнаж, чагнах, хувийн мэдээллийг нь цуглуулж, түүгээрээ дамжуулан тэдгээрийг шантаажлах ажлыг хийсэн байдаг. Манай тагнуулын байгууллагыг ч 2000 оноос энэ хандлага руу явсан гэж зарим хүн үздэг. Хөрөнгөлөг цагдаа нар байхад яагаад хөрөнгөлөг тагнуулын удирдлага байж болохгүй гэж үзээд бизнесийнхнийг ангуулчилж байсан тухай хэвлэлээр гардаг байлаа. Сүүлийн жилүүдэд улстөрчдийг түлхүү тагнаж чагнадаг болсон л гэнэ. Бие биенийхээ нэрийг ч хэлж чадахгүй дөрвөн үсэгтэй хүн, гурван үсэгтэй компани гэж ярьдаг болсон. Дээр нь хувийн бизнесийг булааж авсан асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгэхээр Тагнуулын байгууллагын үндсэн чиг үүрэг бол үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ажил байдаг. Өнөөдөр бүх гүйцэтгэх ажил тагнуулын байгууллагын харилцаа, техник дор хийгддэг. Цаашдаа бид үүнийг тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой гэж үзэж байгаа.

Хүүверийн номонд улс төрд ирээдүйтэй бүх хүний мэдээллийг цуглуулж, түүгээр нь шантаажилж, өөрсдөд ашигтай шийдвэр, өөрсдийгөө он удаан ажиллах баталгаа гаргуулдаг гэх мэт ажиллагаа явуулдаг байсан нь гардаг. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад хөндөгдөж байгаа зүйл бол хууль бус мөрдөлт мөшгилтөөс хүмүүсийг хэрхэн ангид байлгах тухай асуудал. Бид Мэдээлэл авахын тухай болон Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа. Энэ хүрээнд таны, миний аль аль мэдээлэл хаалттай байх ёстой вэ, мөн таны ямар нэг мэдээллийг авах гээд аль нэг хуулийн байгууллага хандаж байгаа бол тэр нь тухайн иргэнд мэйлээр мэдэгддэг байх хуулийн зохицуулалттай болгохоор ажиллаж байна.

-Хотын экс дарга царай таньдаг 2,000 камер байршуулна гээгүй билүү?

-Энэ буруу. Бид мөрийн хөтөлбөртөө камерын нэгдсэн системтэй болох асуудал ярьж байгаа болохоос царай таньдаг байх асуудал нь буруу юм.

Хүний царай, төрх, нүд зэрэг давтагдашгүй өгөгдлөөр нэгдсэн систем хийчих юм бол энэ өөрөө аюултай зүйл болж хувирна.

-E-Mongolia төслийн хүрээнд хүн бүр төртэй харилцах и-мэйл хаягтай болно гэж ойлгосон. Зөв үү?

-Тийм. Энэ бол Эстонийн туршлага. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Л.Оюун-Эрдэнэ сайд ахлаад энэ төслийг хэрэгжүүлнэ. Энэ төслийг хэрэгжүүлснээр төр өөрт байгаа бүртгэлийн мэдээллээ эргэж иргэнээс шаарддаггүй болно. Мөн төрийн байгууллагууд хоорондоо мэдээллийг чөлөөтэй солилцдог болъё гэж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр хэн болох нь тогтоогдохгүй 2,000 орчим цогцос байна. Ийм төрлийн хэрэгт цогцсыг хурууны хээгээр таних асуудлыг шийдэх гэж байна.

Гуравдугаарт, иргэн төрийн бүх төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах зорилт тавьж байна. Ингэснээр хүний хүчин зүйлээс шалтгаалсан авлига буурна, төрийн үйлчилгээ чанаржина. Үүний эхлэл ч хийгдээд эхэлснийг бид бүгд мэдэж байгаа. Тухайлбал, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын тав, зургаан үйлчилгээ цахим руу шилжчихээд байна.

Одоо хүн амын өсөлттэй холбоотой төрийн албан хаагчдын орон тоог байнга нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Жишээ нь, яг нормативаа баримтална гэвэл цагдаагийн байгууллагад гэхэд 6,000 хүн нэмж авах шаардлага бий. Дэлхийн улс орнуудад нэг жишиг байдаг нь нийт хүн амын таван хувь төрийн албан хаагч байх. Ингэхдээ төрийн үйлчилгээний буюу эмч, багш, цагдаагийн алба хаагчдаа энэ тоонд оруулдаггүй. Энэ жишгээр тооцвол манайх норматив хэмжээндээ хүрээгүй. Гэхдээ заавал бид энэ жишигт хүрэх албагүй. Харин үүний эсрэг төрийн үйлчилгээг цахимжуулаад ирвэл ажлын байрны зураг авалтууд дахиад хийгдэж таарна.

-Саарал жагсаалттай холбоотой танай яам ломбардуудыг цэгцэлнэ гэж мэдээлсэн. Өөр ямар ажлууд хийгдэх вэ?

- Саарал жагсаалттай холбоотойгоор яам болгон өөр өөрийн хариуцсан ажлаар үүрэг хүлээн ажиллаж байна. Бүртгэлгүй байдаг санхүүгийн байгууллагуудыг бүртгэлжүүлэхээс гадна хуулийн хүрээнд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслөө батлах шаардлага бий. Ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийг ашиглаж гадаад дотоод гүйлгээнүүд хийгдээд байгаа асуудлаа хянах шаардлага байгаа.

Энэ асуудлыг яриад гурван чиглэлд хууль боловсруулах асуудлыг судалж байна. Тодруулбал, сангууд, холбоод, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиудыг тусад нь хийж өргөхөөр ярилцаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын сангуудад бид хүндэтгэлтэй хандах ёстой. Сүүлийн 20 гаруй жилд Монголд эрх зүйн шинэтгэл хийхэд маш их үүрэг гүйцэтгэсэн сангуудын үйл ажиллагааг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хүрээнд хамруулах нь зохимжгүй байна.

Өөрөөр хэлбэл, бид хууль боловсруулахдаа оролцогч талуудын онцлог, ялгаа, оролцоог хангаж ажиллахаар хичээнэ.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана

-Авлига, албан тушаалын хэрэгт өгч байгаа ял харилцан адилгүй байна. Хэдийгээр ял тохиролцсон шинэ жишиг гэж байгаа ч сайд асан Б.Батзориг 40 сая төгрөгийн торгууль авах жишээтэй. Үүнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

- Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх, түүнд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгая гэдэг дээр гишүүд ч байр сууриа илэрхийлж байгаа. Шинэ Эрүүгийн хууль хэрэгжээд гурван жил болж байна. Нэг онцлог нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх зохицуулалт орж ирсэн. Энэ нь зөвхөн авлигын хэрэг биш бусад бүх хэрэг дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял наймаалцах эрх зүйн зохицуулалт орж ирсэн. Б.Батзориг гишүүн асны асуудал энэ хүрээнд шийдэгдсэн байх. Миний хувьд шүүхийн оноож байгаа ялыг чангадсан, хөнгөдсөн гэж саналаа хэлэх эрх байхгүй.

-Хэрэглэж байгаа хуульд нь та ямар саналтай байна вэ?

-Хуулийн тухайд хоёр зүйлийг нэгтгээд хуульчилчихсан нь судлаачдын шүүмжлэлд өртдөг. Юу гэхээр албан тушаалаа урвуулах болон хэтрүүлэх гэсэн тусдаа зүйлийг нэг зүйл анги болгочихсон байдаг. Нийгмийн хор аюулын хувьд урвуулах нь илүү хор хохиролтой байтал нэг зүйлд оруулсныг бид салгах ёстой.

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна гэж ойлголоо.

-Тийм. Энэ асуудлаас гадна Эрүүгийн хуульд бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогыг чангатгах, хууль бусаар мөрдөн мөшгих, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг хэтрүүлэх, эрүүдэн шүүх гэх мэт гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах төсөл өргөн барина.

-Бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэдгийг илүү тодруулахгүй юу. Энэ төрлийн гэмт хэрэгт ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг хууль тогтоомж болоод 14 настай хүүхэдтэй холбоотой маргаантай асуудал байдаг. Үүнийг залруулах уу?

-Ажлын байрны бэлгийн дарамтын тухайд нотлогдохгүй байна гэдэг зүйл практикт их яригддаг. Нотлох баримттай тохиолдолд хүчиндэх гэмт хэрэгтээ хамаараад явчихдаг. Энэ тухай Эрүүгийн хуулийн 12.1-т тодорхой заасан байгаа.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр үүнтэй холбоотойгоор буруу ташаа мэдээлэл явуулаад байгаа нь олон нийтэд нөлөөлж байх шиг байна. Ажлын байрны бэлгийн дарамт (АББД) учруулсан нь тогдоогдсон тохиолдолд энэ нь хүчиндэх гэмт хэргийн заалтаараа зүйлчлэгдэх бол АББД учруулахыг завдсан бол Зөрчлийн тухай хуулиаараа арга хэмжээ авагдана.

14 гэж насны тухайд өмнөх эрүүгийн хуулиудын уламжлалыг авч үзсэнийг ярья. 1926 оны Шүүх, цаазын бичгээс эхлээд үзэхэд, хуульд хүчиндэх, хурьцал үйлдэх гэдгийг зааглаж ирсэн байдаг. 1934, 1942, 1960 оны Эрүүгийн хуулиуд бий. 1960 оны Эрүүгийн хуулийн яг одоогийн зохицуулалт хэвээрээ хадгалагдаж байгаа. Яагаад 14 нас гэдэг асуудал гарч ирсэн бэ гэхээр 2002 оны Эрүүгийн хуульд “16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох” гэсэн нэршилтэй байсан. Өөрөөр хэлбэл, доод нас нь заагдаагүй байсан байгаа юм. 16 хүртэлх нас гэж байсан. Тухайн үед Дээд шүүхийн тайлбар гарсан нь 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсноор гэмт хэргийн бүрдэл хангагдана гэсэн тайлбар гарсан байсан. Харамсалтай нь, 2013 оны Шүүхийн тухай хуулиар ийм норматив тайлбар хийхээ больсон. Цэцийн дүгнэлтээр Дээд шүүх тайлбар гаргах ёстой. Хэрэгжихгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд норматив тайлбар оруулах эрхийн тухай оруулсан боловч энэ асуудлыг гишүүд маань ойлголгүй унагаачихсан. Ингээд 2017 онд батлагдсан Эрүүгийн хуульд норматив тайлбар гарахгүй байгаа учраас 14-16 насны хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол хорих, зорчих эрхийг хязгаарлах эсвэл торгох ялтай гэмт хэрэг орж ирсэн. Үүнд миний хувьд нэг ч үг, үсэг таналгүйгээр батлагдсан. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн яамны өргөн барьсан төсөл тэр чигээрээ батлагдсан. Дээд шүүхийн тайлбар гарахгүй учраас хууль санаачлагч нь доод насыг ингэж тохируулж оруулж ирсэн байдаг. Үүнийг мушгин гуйвуулж, Монголын ард түмэнд ярьсан хүн бол нөхөр О.Баасанхүү.

Амьдрал өөрөө их баян. Жишээ нь 12-р ангийн охин, 10-р ангийн хүүтэй нөхөрлөж, үерхээд бэлгийн харьцаанд орсон тохиолдолд 12-р ангийн охин буруутан болж ял авах юм. Ийм зүйл маш их тохиолддог. Бас нэг жишээ, 15 настай хүү, охин хоёр үерхээд бэлгийн харьцаанд орчихдог. Охины тал цагдаад гомдол гаргахаар хүүгийн тал сөргүүлээд гомдол гаргачихдаг. Энэ асуудал бол их түвэгтэй бөгөөд хүчиндэх гэмт хэргээс тусдаа асуудал болчихож байгаа юм. Хүчиндэх гэмт хэрэг гэдэг хүйс харгалзахгүй, хүний дур хүслийн эсрэг хүч хэрэглэж, айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орохыг завдах эсвэл орсноор төгсдөг гэмт хэрэг гэж үздэг.

14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудлын тухайд хүч хэрэглээгүй, албадаагүй, тохиролцсон байхыг шаарддаг. Харин 14 насанд хүрээгүй хүүхэдтэй тохиролцох тухай ойлголт байхгүй, энэ бол хүчингийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүн болж бүх насаараа хорих ял авдаг гэмт хэрэг.

Хууль бол ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Тиймээс ч 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох, энэ гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгахаар хуулийн төсөлд тусч байгаа. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг бас чангатгана.

-Таныг сайдын ажлаа авангуут сүрдүүлгийн мессежүүд авсан гэсэн. Үүнийг тодруулахгүй юу. Учир нь олдсон уу?

-Сайд болсноос хойш сүрдүүлгийн 100 гаруй мессеж ирлээ. Ална, шудна, Зөрчлийн хуулиа хүчингүй болго, өмнө нь Зөрчлийн хуульгүй болж л байсан гэсэн мессежүүд ирж байна.

Хүмүүсийн эрх зүйн ухамсрын л асуудал байгаа юм. Би тэдгээр мессежээс болоод эрх зүйн эсрэг үйлдэл хийнэ гэж байхгүй. Мессежүүдэд төдийлөн ач холбогдол өгөөгүй орхисон. Жишээ нь, нэг нөхөр зөрчил гаргаад торгууль нь сая төгрөг боллоо, энийг төлж өг гэх мэт гомдол ч ирж байна. Энэ бол бидний эрх зүйн ухамсрын асуудал. Хууль зөрчихгүй байгаа тохиолдолд Зөрчлийн хуулиар хэн ч шийтгэл хүлээхгүй. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд л хэн нэг хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл бий болж байдаг. Нэг төрийн бус байгууллагын нөхөр “Өмнө нь Зөрчлийн хуульгүй бид болоод л байдаг байсан” гэж бичсэн байна лээ. Үүнийг эрх зүйн онолын үүднээс нигилизм буюу эрх зүйг үгүйсгэх үзэл гэдэг. Ийм улс бүгд дампуурдаг.

Хоёрдугаарт, ийм зүйл ярьж байгаа нөхөр ямар ч боловсролгүй байна аа л гэсэн үг. 1993 онд Захиргааны хариуцлагын тухай хууль гэж батлагдсан. Энэ зөрчлийн харилцааг Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулж ирсэн. Үүнээс гадна 250 төрлийн хуулиар хүнийг тус тусад нь торгож байсан. 250 хуулийг манаж байгаа 10 гаруй мянган байцаагч тус тусдаа өөр өөрсдийнхөө салбарын хуулиар хүний эрхийн зөрчил дутагдал бий болгоод байсан. Тиймээс ч Зөрчлийн хууль бол цоо шинэ зүйл биш бөгөөд угаасаа байсан хариуцлагатай холбоотой зүйлүүдийг нэгтгэж өгсөн. Дэлхийн бараг бүх улс ийм тогтолцоотой болчихсон.

Гэхдээ бид Зөрчлийн хуулийг энэ намрын чуулганаар өөрчилнө. Ингэхдээ иргэнийг шууд торгох бус эхлээд сануулдаг, албан шаардлага өгдөг, албан шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгодог механизмтай болно. Гэхдээ энд зааг ялгаа бий. Жишээ нь, замын хөдөлгөөнд оролцохдоо улаан гэрлээр дайрч орсон хүнд сануулга өгөх зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, ялгаатай байх ба дээд, доод интервалтай болгоно гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ