2020.09.28
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар 09 -р сарын 17-28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Овоо, Бэрх, Хэрлэн сумын иргэд, сонгогчидтой уулзаж ярилцлаа.
Гишүүд "Улсын тэргүүний сум"-аар шалгарсан Хэнтий аймгийн шилдэг сумдын нэг Баян-Овоогоос уулзалтаа эхлүүлсан байна. Өнгөрсөн хугацаанд сумын төвийн инженерийн шугам сүлжээ, дотуур байр, цэцэрлэгийн шинэ байр гэх мэт олон бүтээн байгуулалт хийгдсэн байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ШИЛДЭГ СУМ БАЯН-ОВОО:
"Эргэх холбоо 43"-ийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд ирэх 4 жилд Баян-Овоо суманд ЕБС-ийн байрны их засвар, ЗДТГ-ын барилга, цэвэр бохир усны шугам сүлжээ, Спорт заал зэргийг шийдвэрлэж өгөх "гэрийн даалгавар"-ийг сумын иргэд гишүүдэд эрэмбэлж өглөө.
ХЭНТИЙ АЙМГИЙН БЭРХ СУМ:
Гишүүдийн дараагийн уулзалт уурхайн бяцхан сууринтай Бэрх суманд очлоо. Өнгөрсөн 2017-2020 онд Бэрх суманд нийт 42 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Цаашид ч шийдэх олон асуудал бий.
Гишүүд ирэх 4 жилд Бэрх сумыг яаж хөгжүүлэх вэ гэдгийг тал талаас нь ний нуугүй ярилцсан юм. Дулааны станц, эмнэлгийн их засвар, ЗДТГ-ын барилга зэрэг 8 том бүтээн байгуулалтыг ирэх жилүүдэд Бэрх суманд нэн түрүүнд хийхээр иргэд саналаа нэгтгэлээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТ БУЮУ ХЭРЛЭН СУМ:
Хэнтий аймгийн бүх сум, тосгодод хэрэгжүүлж буй "Эргэх холбоо-43" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Чингис хот буюу Хэрлэн сумын иргэдтэй уулзав.
Аймгийн төвийн иргэдээс хамгийн их санал авсан гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд ирэх 4 жилд илүүтэй анхаарч ажиллахаа гишүүд тодорхойллоо.
"Эргэх холбоо-43" хөтөлбөрийн хүрээнд гишүүд тойрогтоо 2020 оны 09-р сарын 17-28 өдрүүдэд Хан Хэнтий аймгийн бүх сум, тосгодоор нийт 3000 гаруй км зам туулж, 4000 гаруй хүнтэй уулзаж, 2021-2024 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санал, хүсэлтийг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлж ирэх дөрвөн жилд хамтран хийх зорилт тавин ажиллана.
ШИНЭ МЭДЭЭ
Өмнөдэлгэр сум өнгөө зассаар байна
2020.12.17