МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.02
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Махны экспортын квотыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг

"Мөнгөний бодлого хэлэлцэж байгаатай холбогдуулан гурван асуулт байна.

  1. Ээлжит бус чуулганаар УИХ зээлийн хүүг бууруулах стратегийн бичиг баримт батлуулсан. 2021 оны мөнгөний бодлого зээлийн хүүг бууруулах стратегийн бодлоготой хэр уялдаж байна вэ? УИХ-ын тогтоол, хавсралтаар батлах гэж байгаа мөнгөний бодлогын чиглэл дотор зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудал тусгагдаагүй байна. 2021 онд зээлийн хүү буурах стратегийн бичиг баримт батлагдах түвшин тухайн үеийнхээсээ хэдэн хувиар буугаад, 2021 оны жилийн эцэст арилжааны банкнаас олгож байгаа зээлийн дундаж хүү хэдэд хүрсэн байна гэж Монголбанк тооцож байна вэ? 
  2. Монголбанкны хуулиар хүлээсэн гол үүрэг бол Монгол төгрөгийн ханшийг чангатгах асуудал. Ирэх жил Монгол төгрөгийн ханш хэдэн хувиар чангарна гэж тооцож байна? Төгрөгийн ханш чангарахтай холбоотойгоор ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хууль эрх зүйн орчинг боловсруулан ямар ажлууд авна гэж үзэж байна вэ? Эдгээр арга хэмжээнд төгрөгийн ханш яаж чангарч байна. Үүнийгээ дагаад иргэдийн орлого яаж өсч, худалдан авах чадвар нэмэгдэнэ гэж  Монголбанк тооцож байна вэ? 
  3. Нийт орны хэмжээгээр зуншлага нилээн оройтсонтой холбогдуулан хэд хэдэн аймгуудад өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Хөдөөгийн иргэд малчидтай уулзахад хатуу өвөл, хавар бол болох нь, мал борлуулах шаардлагатай байна гэсэн асуудал яригдаж байна. Засгийн газар ч гэсэн асуудалыг тавьж махныхаа экспортын квотыг нэмэгдүүлэх, цаашдаа болдог бол махны квотгүй болдог боломж байна уу. Махны экспортыг нэмэгдүүлэх  асуудлаар Монгол банкнаас хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж байна уу. Хэрвээ эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулаад махны экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор мөнгөний бодлоготой тодорхой заалт оруулах замаар махны экспортыг нэмэгдүүлэх боломж байна уу? Хөдөөгийн иргэд бол өвөл цаг хүндрэхтэй холбоотойгоор махны экспортыг нэмэгдүүлж өгөөч гэдэг асуудал маш ихээр тавигдаж байна. Энэ чиглэлээр Монголбанкны удирдлага ямар бодолтой байна. Мөнгөний бодлого дээрээ Их хурлаас гаргах тогтоол шийдвэрт ийм чиглэлийн заалтууд оруулаад хэрэгжүүлэх боломж байна уу?"

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ