МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энержи Плас” ХХК Дулааны станцын үйл ажиллагаатай танилцав
2020.10.06
Орон нутгийн хөгжил

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энержи Плас” ХХК Дулааны станцын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Ж.Батэрдэнэ болон бусад гишүүд Булган аймагт өнгөрсөн амралтын өдрүүдээр ажиллах үеэрээ дулааны станцын үйл ажиллагаатай танилцсан юм. “Энержи плас” ХХК 2019 оны 02 дугаар сараас дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээж эхэлсэн байна.

Станц ашиглалтад орсоноор Булган аймгийн төвийн агаарын бохирдол эрс багасч, хэрэглэгчдэд очих дулаан хангамж сайжирсан гэв. Өнөөдрийн байдлаар Булган хотын 80 хувь нь станцаас холбогдон дулааны эрчим хүч авч байна. 

Тус компани 2020 онд их засвар, ТЗБАХ хөрөнгө оруулалтын 9, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 8 заалт бүхий төлөвлөгөө гарган бүрэн хийж дуусгажээ. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 1350 тн нүүрс буюу 30 хоногийн нөөцийг өөрийн талбайдаа татсан байна.

Нийт 56 инженер техникийн ажилчинтай үйл ажиллагаа явуулдгаас 48 нь орон нутгийн иргэн бөгөөд ажлын байран дээр сургаж бэлтгэжээ. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчний нөөц бага байдгаас цахилгаан, кипавтоматик, дулаан химийн чиглэлийн инженерүүд хангалтгүй байдгийг учирлав.

Мөн компанийн өмчлөл, харьяалалын асуудлыг хөндлөө. Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох материалуудыг хүргүүлсэн. Удирдах байгууллагуудаас ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу хөндлөнгийн аудитын байгууллагаар хөрөнгөнд дахин үнэлгээ хийлгэсэн байна. Эзэмших хувьцааны тоо хэмжээний асуудлыг шийдэхээр хэлэлцээрт оролцох саналтай байгаагаа уламжиллаа.

ШИНЭ МЭДЭЭ