МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021 оны төсвийн тухай хуулийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ
2020.10.27
Эдийн засаг, Худалдаа

2021 оны төсвийн тухай хуулийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 14 цаг 40 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан явуулав.

Төсвийн төслийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан.

Төсвийн орлогын шинэчлэлийг 2021 онд үргэлжлүүлэн бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулах, татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталж байгааг танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 2020 оны түвшинд хадгалах, төрийн албан хаагчдын орон цоог цахим системээр хянан баталгаажуулах, давхардсан болон илүүдэл орон тоо, цалин хөлсний зардлын өсөлтийг дунд хугацаанд хязгаарлах, Коронавируст халдварт цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа байгууллагуудаас бусад төсөвт байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, тусгай зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээг цахимжуулж, эдгээртэй холбоотой орон тоо, урсгал зардал цаг хугацааг хэмнэх зохицуулалтыг төсвийн төсөлд тусгажээ.

Эдийн засгийн өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр дэмжих бодлогын хүрээнд хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхэд зориулсан цогцолбор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэн шаардлагатай барилгуудыг барих ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, өмнөх онуудад эхэлсэн 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг, авто замын 43, гүүр байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын замын 11, дулааны шугам сүлжээний 3, инженерийн шугам сүлжээний 26 төслийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан гэж байлаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулав.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 8.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг олгохоор төсөвлөсөн байна. Үүнд: Элчин сайдын яамд болон Дипломат төлөөлөгчдийн газруудын байрны их засварын ажлын 3.0 тэрбум, тоног төхөөрөмж худалдан авах 1.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Батлан хамгаалахын сайдын 2021 оны төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийг 286.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь 2020 онтой харьцуулахад 1.0 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 31.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 9.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна.

Шинээр хэрэгжих 19.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 4.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 2 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангасан байна гэж тэргүүлэх аудитор танилцуулав.

Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлэх, төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, татварын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвөлгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна гэж үзжээ.

Түүнчлэн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгчээ.


Батлан хамгаалах салбарын хувьд нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байдаг. 2021 онд гадаадад нарийн мэргэжлээр суралцаж байгаа 570 офицер төгсөж ирнэ. Үүнтэй холбоотойгоор 2.7 тэрбум төгрөгийн цалингийн дутагдал үүсэж байгааг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг хэлэв. Харин гадаад харилцааны салбарын хувьд валютын ханшийн зөрүүнээс үүдэн төсвийн зарцуулалтад хүндрэл үүсдэг байна. Тухайлбал, хилийн чанадад байгаа 46 дипломат төлөөлөгчийн газрын зардлыг ам.доллараар төлдөг. 2020 онд л гэхэд ам.долларын ханш 2670 төгрөгөөр тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 2835 төгрөг тооцож, санхүүжилтээ шилжүүлж байна. Үүнээс үүдэн урсгал зардал нэмэгдсэн байгааг Гадаад харилцааны яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Х.Алтантуяа гишүүдийн асуултад хариулахдаа хэлэв.

Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Х.Баделхан, Н.Алтанхуяг, Н.Энхболд, Б.Энх-Амгалан, нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах чиглэлд болон Төрийн банкны хувьчлалын асуудлаар ямар арга хэмжээ тусгасан талаар тодруулсан. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд ногдол ашгийг дайчлах шаардлагатай. Өмнөх жилүүдэд аудитын байгууллагаас энэ талаарх дүгнэлтүүдийг өгч ажиллаж байсан. гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис хэлэв. Харин УИХ-аас зохих шийдвэр гарвал Төрийн банкны тодорхой хувийг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах боломжтой гэж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хариулт өглөө.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Т.Доржханд, Н.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол гаргасан юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоос гаргасан “2021 онд гадаад дотоодын академи, их дээд сургууль төгссөн, төгсөн ирэх цэргийн албан хаагчдын цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд шаардагдах 2.7 тэрбум төгрөгийн асуудлыг нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн “үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төсвийн зардлын ангилалд “мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний зардал” гэсэн ангиллыг оруулах” гэсэн заалт нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ