МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ: “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ
2020.10.29
Улстөр

ХЗБХ: “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) хуралдаа 11 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Эрх зүйн дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн байнгын хороо батална” гэж заасан.

Мөн хуулийн “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан бусад асуудал хэлэлцэх” гэсэн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж, 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэж тус тус заасан байдаг.

Уг дүгнэлтийг гаргах журам, эрх зүйн дүгнэлт гаргах хугацаа, холбогдох Байнгын хороонд танилцуулах зэрэг зохицуулалтын үндсийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлээр тогтоосон юм. Хуулийн дээрх зохицуулалтаар эрх зүйн дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн байнгын хороо батлахаар заасныг үндэслэн төслийг боловсруулжээ.


Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23-т “өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах”-аар заасан байдаг.

Эрх зүйн дүгнэлтийг хууль дээдлэх, хараат бус зарчмыг гарган баримтална. Эрх зүйн дүгнэлтийн хүрээ, хязгаарыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтыг баримтлан аливаа төсөл Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд нийцэж буй эсэх; төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо зөрчилдсөн эсэх; хууль, тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төсөлд хууль хоорондын нийцлийг хангуулахад шаардлагатай бүх хууль, тогтоол, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх; тухайн төсөл, эсхүл түүний зарим зүйл, хэсэг, заалтын харилцан уялдааг хангасан эсэх, тэдгээрт зохицуулалт хийх боломжтой эсэх; анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь өөр хоорондоо, тухайн төслийн зүйл, хэсэг, заалттай, эсхүл бусад хуультай зөрчилдсөн эсэх зэрэг таван тохиолдолд эрх зүйн дүгнэлт гаргахаар төсөлд тусгажээ.

Холбогдох Байнгын хороо эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэхдээ тухайн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын гишүүн эсвэл ажлын хэсэг, эрх зүйн дүгнэлт гаргуулах саналаа урьдчилан Байнгын хороонд хүргүүлсэн байхаар журмын  төсөлд тусгажээ. Тухайн Байнгын хороо эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бол Байнгын хорооны дарга энэ талаарх албан бичгийг Тамгын газарт хүргүүлэх юм байна. Тамгын газар эрх зүйн дүгнэлтийг ажлын 7-14 хоногийн дотор гаргаж, албажуулан, холбогдох Байнгын хороонд хүргүүлэх, Хууль эрх зүйн газрын дарга эрх зүйн дүгнэлтийг холбогдох Байнгын хороонд хэлэлцүүлж, Байнгын хорооны хуралдаанд тарааж, цахим мэдээллийн систем, MyParl систем, Улсын Их Хурлын цахим сайт parliament.mn сайтад тус тус оруулж, хуулийн хувийн хэрэгт хавсаргахаар Байнгын хорооны төсөлд тусгажээ.

Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн саналуудаа танилцууллаа. Ингээд ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгахыг анхаарч, хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 17 гишүүний 12 нь дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ