Оюутолгой төслийн зардал хэтэрсэн шалтгааныг судлах тусгай хороо байгууллаа
2020.12.01
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгой төслийн зардал хэтэрсэн шалтгааныг судлах тусгай хороо байгууллаа

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулах төслийн зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэх зорилгоор тусгай хороо байгуулах шийдвэр өнөөдөр гаргалаа.

ТУЗ-өөс байгуулсан тусгай хороо нь дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр, “Туркойс Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ.

Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулах төсөлд хөрөнгө оруулах зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа ТУЗ-ийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцож байна.

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулах төслийг ашиглалтад оруулахад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай гэж анх тооцож байсан. Гэвч 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр “Рио Тинто” компаниас далд уурхайн хөрөнгө оруулах хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн талаар мэдэгдсэн.

Мөн ашиглалтад орох хугацаа анх тооцож байснаас 16-20 сараар хойшлох талаар мэдээлсэн юм. Оюутолгой зэс-алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлоно гэж тооцсон бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор “Оюутолгой” ХХК нь дэлхийд гуравдугаарт орох хэмжээний зэс олборлох том уурхай болох юм.

“Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх 66 хувийг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж, АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржэд давхар бүртгэлтэй “Туркойс Хилл Ресурс” компани тус тус эзэмшдэг. “Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн нийт хувьцааны хяналтын багц буюу 50.8 хувийг эзэмшиж, Оюутолгой төслийн уурхайн оператор, менежерийн хувьд “Оюутолгой ХХК”-ийн өдөр тутмын ажлын менежментийг хэрэгжүүлдэг.

Энэхүү шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгой ХХК-ийн хэрэгжүүлж буй далд уурхай бүтээн байгуулах зардал анх төсөвлөсөн хэмжээнээс даруй 30 гаруй хувиар нэмэгдсэн. Далд уурхайн ашиглалтад орох хугацаа мөн хоёр жил орчмоор хойшилсон. Уг шалтгааныг судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах чиглэлээр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс тодорхой арга хэмжээ авч байгаа нь сайн хэрэг. “Оюутолгой” ХХК-ийн ажилд ТУЗ-өөс тавих хяналт сулралгүй, компанийн сайн засаглалын зарчим хэрэгжиж байгааг харахад баяртай байна. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс гарсан шийдвэрийг бид дэмжиж байгаа бөгөөд далд уурхай бүтээн байгуулах хөрөнгө нэмсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болгох нь “Оюутолгой” ХХК-ийн болон бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэж, тус компанийн үйл ажиллагааны тогтвортой, үр ашигтай байдлыг урт хугацаанд хангахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дэмжиж ажилладаг бөгөөд дэлхийн хэмжээний томоохон уурхай ашиглалтад орж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэж байр сууриа илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ