2020.12.02
Эдийн засаг, Худалдаа
ТБХ: Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн (2020.12.01) хуралдаан 14 цаг 14 минутад гишүүдийн 78,4 хувийн ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон тус яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас гаргасан хоёр саналын томьёоллоор санал хураав. Гишүүний зүгээс, төслийн 1 болон 2 дугаар зүйлийн “өвс, бүх төрлийн малын тэжээл” гэснийг “мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс” гэж, төслийн 3 дугаар зүйлийн “5 дугаар сарын 1” гэснийг “7 дугаар сарын 01” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов.