МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Малчдаа өвс, тэжээлээ авах мөнгөтэй болгох шаардлага байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

"Хуулийн төслийг дэмжиж байна. Бид асуудлыг олон нийтэд ойлгуулах шаардлагатай. МАА-тай холбоотой шийдвэр бол эрчимжсэн МАА дээр л үр дүнгээ өгнө. Түүнээс биш бэлчээрийн МАА дээр үр дүнгүй. Бэлчээрийн МАА дээр болохгүй байгаа асуудал их байгааг орон нутгаас сонгогдсон гишүүд хэлж байна. Энэ бол бодит үнэн. Малчид орж ирж байгаа өвч тэжээлийг худалдаж авах мөнгөгүй байна. Яагаад гэхээр өнөөдөр зуд зурхан, ковидын нөхцөл байдал малчид мал махаа зарах боломжийг хаачихсан.

Сумын онцгой комиссууд харилцан адилгүй арга хэмжээ авч байна. Хүнсний эргэлт, тээвэр буурсан. Тиймээс үүнийг харгалзан үзэх шаардлагатай. Тиймээс малчид руугаа хандсан бодлогыг яаралтай гаргамаар байна. Татвараас хөнгөлөөд, чөлөөлөөд оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг чинь худалдан авах малчид чинь эдийн засгийн чадваргүй байгаа учраас махны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр малчдаас махыг худалдан авч мөнгөжүүлэх бодлого хэрэгтэй байгаа шүү."

ШИНЭ МЭДЭЭ