МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлнэ
2020.12.08
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалтыг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Эрдэнэсийн санд мөнгөн дүнгээр үнэлэгдэх аргагүй түүх, соёлын хосгүй үнэт эрдэнэс, баялаг хадгалагддаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Эрдэнэсийн санд 1.1 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 2.7 сая ширхэг эд зүйлс хадгалагдаж байна. Эдгээр үнэт өв, эх нөөцийг хамгаалах, төрийн эрдэнэсийн санг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, энэ сангаас хөрөнгө гүйлгээнд оруулах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг “Эрдэнэсийн сангийн тухай” хуулиар зохицуулсаар ирсэн. 

Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Эрдэнэсийн санг тоносон, хил давуулан гаргасан, зах зээлд арилжсанаас бол Эрдэнэсийн сан ядмаг болсон гэж үздэг.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг анх 1994 онд буюу одоогоос 26 жилийн өмнө баталсан. Хэдийгээр уг хууль нь Эрдэнэсийн сангийн нөөцийг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, гүйлгээнд оруулах, захиран зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулдаг боловч учир дутагдалтай зүйлс их байгаа учраас хуулийг дахин боловсруулж шинэчлэн найруулах шаардлага бий болжээ. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгасантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. 

Хуулийн төслийн санаачлагчийн хэлж буйгаар хуучин хуульд ЭРДЭНЭС гэж юуг хэлэх вэ гэсэн тодорхойлолт нь их явцуу, хүрээ бага, хязгаарлагдмал байсныг шинэ хуульд илүү өргөн хүрээгээр тусгажээ. Өөрөөр хэлбэл эрдэнийн чулуунаас эхлээд хагас үнэт чулуу, уран зураг, урлагийн бүтээлийг ч бүртгэж болохоор эрдэнэсийн сангийн нэр томъёог өөрчилж байгаа аж. 


Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Цэрэнпунцаг нар дараах саналуудыг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

Эрдэнэсийн санд шинээр бүртгэгдэх, хадгалагдах эрдэнэсийн насжилтыг тогтоох аргачлалыг илүү ойлгомжтой болгож хуульд тусгаж өгөх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

Эрдэнэсийн санг тонож, хулгай хийх замыг хааж хариуцлагыг өндөржүүлж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлого хэтэрхий бага байгаа тул үүнийг илүү чангатгах хэрэгтэй.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж байгаа учраас УИХ-ын гишүүдийн хэлсэн саналуудыг нарийвчлан тусгах боломжтой гэдгийг хууль санаачлагч хэлж байв.

ШИНЭ МЭДЭЭ