МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Отрын малчдаас татвар хураамж авахгүй байхыг үүрэг болгожээ
2021.01.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Отрын малчдаас татвар хураамж авахгүй байхыг үүрэг болгожээ

Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрснээс олон малчин өрх өөр аймаг сумын нутагт өвөлжиж байгаа бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард УИХ-ын гишүүн С.Чинзориг Төв аймгийн Заамар, Цээл, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ажиллаж, отроор яваа малчидтай уулзаад ирсэн.

Малчид ямартай ч өвөлжих газартаа төвхнөөд, хөөгдөж туугдах дарамт багасаад тайван сайхан байгаа тухайгаа хэлж, ам сайтай байсан. 

Гэвч зарим газарт бэлчээрийн төлбөр нэхэж, хонин толгойд шилжүүлснээр нэг малаас сард 100 төгрөг төлөхийг шаардаж, дийлэнх нь орон нутгаас нэхэж буй мөнгийг нь өгсөн тухай ярьж, ийм татвар авах нь зөв эсэхийг асууж байсан.

Уулзалтын үеэр С.Чинзориг гишүүн бэлчээрийн төлбөр нэхэх нь хууль бус учраас төлөхгүй байж болно гэдгийг хэлсэн юм. Тэрээр энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хэлж, арга хэмжээ авахыг хүссэн юм.

Түүний хүсэлтийн дагуу Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 12 дугаар сарын 31-нд аймгуудын Засаг дарга нарт албан бичиг илгээж өөр аймаг, сумаас отроор өвөлжиж байгаа малчдаас татвар хураамж авахгүй, нүүхийг шаардахгүй, отрын малчдыг харьяалах аймаг, орон нутгийн Засаг дарга нарт малчдынхаа эрүүл мэнд болон төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргаж өвлийг өнтэй давахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж Засгийн газрын тогтоол шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ